“Бидний гоёл-2019” тэмцээн 12 дахь жилдээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-08 21:31:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар санаачлан “Бидний гоёл-2019” тэмцээнийг 12 дахь жилдээ зохион байгууллаа.

Тус тэмцээн нь шилдэг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч сурагчид болон шилдэг удирдагч багш шалгаруулдаг бөгөөд 11 сумын 13 багш, 49 загвар өмсөгч, 46 загвар зохион бүтээгч оролцжээ.

Жилээс жилд тэмцээний цар хүрээ улам өргөжин тэлж, багш хүүхдийн оролцоо нэмэгдэн, урлан бүтээх авьяас нь чанаржиж байна. Булган аймаг дахь ХААН банкны салбар, Орхон аймгийн Уурхайчин Соёлын ордны дэргэдэх загварын агентлагийн захирал Б.Найрамдал, Булган сумын “Гоо хатад салон”-ны гоо сайханч Д.Энхтуяа, хувиараа бизнес эрхлэгч С.Амаржаргал нартай хамтран ажиллалаа гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Ж.Орхонтуул ярилаа.

Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн сурагч А.Намуунсарнай “Гоёлын хувцасны загвар зохион бүтээгч”, Сэлэнгэ сумын сургуулийн сурагч Б.Болортуяа “Спорт гоёлын хувцасны загвар зохион бүтээгч”, мөн сургуулийн М.Мөнхчимэг “Авангард хувцасны зохион бүтээгч”, мөн сургуулийн С.Алтанцэцэг “Үндэсний хувцасны загвар зохион бүтээч” сурагч төрлийн тэргүүн байрт шалгарлаа.

Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн сурагч Б.Мичидмаа “Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч”, Булган сумын гуравдугаар сургуулийн сурагч Б.Булгантуяа “Үзэгчдийн таашаалд нийцсэн загвар өмсөгч”, Сайхан сумын сургуулийн сурагч Ө.Оюунбилэг “Содон дүр төрхтэй загвар өмсөгч”, Сэлэнгэ сумын сургуулийн сурагч Г.Халиунаа “Төгс төгөлдөр загвар өмсөгч”, Хангал сумын Хялганат тосгоны сургуулийн сурагч М.Мөнгөнчимэг “Шилдгийн шилдэг загвар өмсөгч”-өөр тодорсон байна.

Сэлэнгэ сум, Хялганат тосгон, Тэшиг сумын Л.Нямдолгор, Т.Ариунтуяа, Д.Энхчимэг нар шилдэг багш болж шагнал хүртлээ. 

Холбоотой мэдээ