Ёшихидэ Сүга АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-05-09 12:07:39

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгч энэ долоо хоногийн эцсээр АНУ-д айлчилж, тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нартай уулзана.


Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгагийн АНУ-д хийх дөрөв хоногийн айлчлал пүрэв гарагаас эхэлнэ. Түүний айлчлал БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэх хийгээд Окинава дахь АНУ-ын цэргийн хүчнүүдийн нөлөөг сулруулах зорилготой ажээ.


Ё.Сүга АНУ-ын төлөөлөгчидтэй БНАСАУ-ын өнгөрсөн бямба гарагт явуулсан туршилтын талаар мөн хэлэлцэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл хэрэгт хамтран ажиллана гэдгээ дахин нотлохоор төлөвлөж байгаа юм.


Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэх зорилгоор БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй байгааг Ё.Сүга дамжуулж, уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын талаас хүсэх ажээ.


Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид наад зах нь 17 Япон иргэнийг хулгайлсан ажээ. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм. 

Холбоотой мэдээ