Дайны гамшгийг сануулж, ялалтаар бахархах парад болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-09 15:41:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1945 оны хавар орос цэргийн ялалтаар  дууссан дэлхийн хоёрдугаар дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая цэрэг оролцжээ. Гитлерийн өдөөсөн дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан боловч эцсийн тоог одоо болтол нэгтгэж чадаагүй байна. Агуа их  Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсан гэдэг.

Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтралын 2890 машин-тракторын станц сүйрсэн. Хүн төрөлхтний энэ их уй гашууг таслан зогсоож дайныг төгсгөснөөс хойш 74 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амсаж, ялалт авчирсан түүхээ олон улсад сануулж байх зорилгоор ОХУ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парад хийдэг. Өнөөдөр энэ парад Улаанбаатарын цагаар 15:00 цагт болж байна. 
 ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргийн парадыг командлахдаа үндэсний үйлдвэрлэлийн Aurus лимузинг хөлөглөнө гэж Оросын хэвлэл мэдээлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин парадыг нээж хэлэхдээ "Баатруудаа бид хамгаална " гэж бардмаар мэдэгдлээ. Тэр баатрууд нь бол эх орны дайнд оролцсон ахмад дайчид юм. ОХУ-д Аугаа их эх орны дайны ахмад дайчин 75495 хүн энх тунх амьдарч байна. Хойд хөршийн Хөдөлмөрийн яамны албан ёсны цахим хуудсанд  мэдээлснээр,  дайнд оролцсоноос гадна бэхлэлтийг амжилттай хамгаалж, бүслэлтийг давсныхаа төлөө “Бүслэгдсэн Ленинградын иргэд” медальтай 96 323 ахмад настан амьд сэрүүн байна. Насанд хүрээгүй байхдаа фашистуудад хоригдож байсан 103715, насанд хүрсэн үедээ фашистуудын хорионд байсан 144 хүн одоо бас амьд байна.  Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон  240 352 дайчны бэлбэсэн эхнэр амьд сэрүүн байгаа аж. 

Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 1-ний өдөр зарлиг гаргаж, Аугаа их эх орны дайны ахмад дайчдад олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурсан. Уг зарлигаар, ахмад дайчдад өгөх тэтгэмж 9.5 мянган рублиэр нэмэгдсэн юм. Төсвөөс тэтгэлэг нэмэхэд зориулж 1.4 тэрбум рубль гаргажээ.

 Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын нэгэн хэсэг нь дэлхийн хоёрдугаар дайнтай яах аргагүй холбогддог.  Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрөөс л Монгол Улс /хуучнаар БНМАУ/ Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй тэмцэлд нэгдэн орсон түүх бидэнд үлдсэнийг "Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол гэрээ" харуулдаг юм. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсож, фашизмын эсрэг эвсэлд нэгдсэн  анхны улс нь Монгол Улс байв. 
Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг 1945 он хүртэл  “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор өрнүүлсэн. Олон мал сүрэг, түүхий эд, мах, хүнсний болон эд материалаар Монголын ард түмэн тусалсан. Тийм учраас өнөөдрийн ялалтын парадыг Монголын үзэгчид сонирхон үздэг. Дайнд оролцсон цөөнгүй ахмад үеийн үр сад ч энэ өдрийг дурсан санадаг.

Монгол Улсад энэ өдөр Зайсан толгой дахь Орос цэргийн хөшөө, дэлхийн нэрт цэргийн жанжин, ОХУ-ын маршал, Монгол, Орос улсын баатар К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн ёсолдог юм. К.Жуков 1945 оны Халх голын дайныг удирдан  ялалтад хүргэсэн баатрын нэг  юм. Түүнд зориулсан хөшөө болон музей манай улсад байдаг.  Энэ жил 8 дугаар сард Халх голын байлдааны ялалтын 80  жилийн  ойг Орос, Монгол Улс хамтран тэмдэглэхээр бэлтгэж байна. 

Холбоотой мэдээ