НӨАТ-ын 6 азтан тус бүр 4 сая төгрөгийн батламж гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-25 14:49:29

НӨАТ-ын урамшуулал сугалааны нэгжээс долоо дахь удаагийн тохирлоор тус бүр 4 сая төгрөгийн эзэн болсон 6 азтанд өнөөдөр батламж гардуулав.

Энэ удаагийн тохирлоор нийт 21 азтан тус бүр дөрвөн сая төгрөг хожсон бөгөөд үүнээс 14 иргэн баримтаа бүртгүүлсэн байна. Үлдсэн азтануудын батламжийг тун удахгүй гардуулна гэдгийг төслийн нэгжээс мэдээллээ.

Сугалааны азтан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Бортолгой “Эмэгтэйчүүдийн баяраар эхнэртээ салат хийж өгөх зорилгоор 300 грамм улаан лооль худалдаж авсан 1200 төгрөг минь өнөөдөр 4 сая болж өслөө. Худалдан авалтаа Жуковт байдаг Миний дэлгүүрээс хийсэн. Би өөрөө компьютергүй болохоор ажлынхаа газрын залууст баримтаа өгч бүртгүүлдэг. Одоогоор 100 гаруй баримт бүртгүүлсэн. Шагналын мөнгөө гэр бүлийнхэндээ зарцуулна” хэмээв.

Энэ удаагийн сугалаагаар тодорсон ахны Супер азтан буюу 400 сая төгрөгийн эзэн өнөөдрийг хүртэл баримтаа бүртгүүлээгүй байгаа бөгөөд хонжворыг нь журмын дагуу гурван сар хүлээх аж. Тиймээс иргэдийг баримтаа цаг тухайд нь бүртгүүлж байх хэрэгтэй хэмээн НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирал Р.Отгонтулга батламж гардуулах үеэр онцлов.

Сугалааны хонжворыг азтан хүсэлт гаргаснаас хойш 20 хоногийн дотор дансанд нь шилжүүлэх аж.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ