Өвөрхангайн хөдөлмөрийн зах зээлд 2019-2021 онд 2819 ажиллах хүчний эрэлт үүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-09 23:07:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт 900 гаруй иргэн оролцож, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн талаар зөвлөгөө мэдээлэл авав. Энэ үеэр 53 ажлын байрны захиалгыг нээлттэй зарлаж, 39 иргэнийг ажлын байранд санал болгон холбон зуучилжээ. Тухайлбал,  "Арвай Илч" ХХК, "Дэлгэрэх хүнс" ХК, "Шунхлай" зочид буудал зэрэг томоохон ажил олгогчид оролцож, өөрийн ажлын байранд тохирох иргэдийг сонгон шалгаруулж авсан байна.

Мөн иргэдэд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчилсан сургалт, АХА тэмцээнийг зохион байгуулав.  “2019-2021 онд Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн зах зээл дээр 2819 ажиллах хүчний эрэлт үүсэх төлөвтэй байгаа ба эдгээрийн 24.5 хувь нь мэргэжилтэн буюу дээд боловсролоор олгогддог мэргэжил шаардах ажил, 36.7 хувь нь мэргэжил шаардахгүй энгийн ажлын байр, 38.9 хувь нь техникийн болон туслах мэргэжилтэн байна” хэмээн тус байгууллагаас мэдээлэл өгсөн юм.

Нээлттэй өдөрлөгийг Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсаны 60 жил, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага байгуулсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ