Төсвийн орлого нэгдүгээр улиралд 196 тэрбум төгрөгөөр давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийн тайланг хэлэлцэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 нь буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 нь буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 нь буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 нь буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 нь буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан байна. Нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарчээ. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад, 25.8 хувиар өссөн байна. Үндсэн чиглэлийн биелэлт бодлогын төрлөөр авч үзвэл, макро эдийн засгийн бодлого 81.5 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 82.2 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувийн хэрэгжилттэй хэмээн дүгнэжээ.
Тайланг хэлэлцэх үеэр, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж 2016 оноос хойш инфляци
өсөж, иргэдийн амьдрал доройтож байгааг шүүмжлэв. Мөн Засгийн газар эдийн
засгийн өсөлтийг иргэдэд тэгш хүртээж чадахгүй байна хэмээсэн юм.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн
орлогоор 6.5 их наяд төгрөгийн өр төлсөн гэдгийг дурдлаа. Түүнчлэн Засгийн газраас
инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр цалин нэмэх бодлого баримтлан ажиллаж
буйг тайлбарлаад, “2019 оны улсын төсөвт орон нутгийн хөрөнгө оруулалт 3.4 их
наяд төгрөг тусгасан. Энэ болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих,
иргэдийн ажилтай, орлоготой байх боломжийг бүрдүүлнэ. Энэ оны эхний улиралд
улсын төсвийн орлого 196 тэрбум төгрөгөөр давж биелсэн” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төрөөс хөдөө аж ахуйг дэмжихэд анхаарах
шаардлагатай байгааг онцлов. Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн нэгэн тулгуур
болсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч чадахгүй байгаа гол
шалтгаан бол малын гоц халдварт өвчин. Тиймээс малын гоц халдварт өвчний
дэгдэлтийг зогсоох, цаашдлаад шавхагдашгүй нөөц гэгдэх мал аж ахуйгаа
хөгжүүлэх, бүтээгдэхүүн экспортлоход анхаарах нь чухал юм” хэмээв. Ипотекийн
зээлийн санхүүжилтэд 2019 онд хэдэн төгрөг зарцуулахыг тодрууллаа.
Ипотекийн зээлд 2019 онд 480 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг БХБЯ-ны
мэргэжилтнүүд дурдсан юм.