Шилдэг боксчид Японы Шимада хотноо хамтарсан бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-14 14:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" хөтөлбөрийн хүрээнд Японы Шизуока мужийн Шимада хотын төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар /БТСГ/ болон Монголын боксын холбоотой хамтын ажиллагааны албан ёсны гурван талт гэрээг өнөөдөр /2019.05.14/ байгууллаа.


БТСГ-ын Хүндэтгэлийн танхимд болсон энэхүү уулзалтад Япон улсын талаас Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, Шимада хотын захиргааны олимпын хэлтсийн дарга Ота Наоки, Шимада хотын Токиогийн олимп болон паралимпыг дэмжих хорооны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акиро Като, Шимада хотын Захиргааны Соёлын нөөц баялгийг ашиглах хэлтсийн мэргэжилтэн Үэхара Марико /Б.Бадмаа/ нар байлцсан бол Монголын талаас БТСГ-ын Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбооноос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч М.Буянжаргал нар байв.


Өмнө нь Шимада хотноо манай боксчид дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор хоёр ч удаа хамтарсан бэлтгэл амжилттай хийсэн билээ.


Харин энэ удаагийн Шимада хотын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд, Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 онд олимпын хамтарсан бэлтгэл хийх талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байв. Энэ дагуу төлөөлөгчид өнөөдөр БТСГ-ын удирдлага болон Монголын боксын холбооны төлөөлөлтэй уулзаж санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.


Монголын боксын залуучуудын шигшээ багийн эрэгтэй 7, эмэгтэй 5, нийт 12 тамирчин, 3 дасгалжуулагчаас гадна эмч, эрдэм шинжилгээ, судалгааны 3 ажилтан 2019 оны долдугаар сарын 19-28-ны өдөр Шимида хотод Японы үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр тохиролцлоо. Тус хамтарсан бэлтгэлийн хугацааг товлохдоо, хоёр тал харилцан санал солилцсоны үр дүнд уг хугацааг товложээ. Энэ нь Монголын тамирчдыг Япон орны долдугаар сарын уур амьсгалд дасгах, дасан зохицох чадвар хэр байгааг судлан шинжлэх зорилготой гэдгийг манай мэргэжилтнүүд онцолж үзсэн байна. Учир нь “Токио-2020” зуны олимпын XXXII наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.


Энэ онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ыг төлөөлж Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Шимада хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцлоо.


Харин 2020 оны хамтарсан бэлтгэлийг талууд харилцан санал солилцсоны үндсэн дээр 2020 оны нэгдүгээр сард байхаар тохиролцлоо. Гэхдээ уг гэрээг 2019 оны 8 дугаар сард баталгаажуулж гарын үсэг зурах юм. Харин энэ гарын үсэг зурах ёслолд Шимада хотын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирэх бөгөөд мөн БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц байх аж. 

Холбоотой мэдээ