“Азийн хүүхдүүд 2020” спортын VII их наадмын бэлтгэл ажил сайн байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-15 05:02:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг 2020 онд зохион байгуулахаар шамдан ажиллаж байгаа бөгөөд хамгийн том бүтээн байгуулалт нь тус наадмын тамирчны тосгоныг байгуулах ажил юм.


“Азийн хүүхдүүд 2020” их наадам зохион байгуулах тосгон нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дээрх “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд байрлана. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордны  /Мөсөн өргөө/ шав тавьж, усан бассейн, хөлбөмбөгийн талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил эхлэсэн билээ.


Харин Монгол Улсын Ерөнхийлөгч даваа гарагт /2019.05.13/ газар дээр нь очиж танилцахад наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна гэж барилга угсралт хариуцсан компанийн удирдлагууд танилцуулжээ.



Тухайлбал, наадмын тосгонд байх олон улсын хөлбөмбөгийн холбооны 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бүх төрлийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. газар шорооны ажлыг дөрөвдүгээр сард дуусгаад 4 үе дайрга, хайрга, элсээр 28.5 см дүүргэлт хийж тэгшлэх, ус зайлуулах шугам татах, талбайг тойруулан явган хүний зам хийх ажлууд нь үргэлжилж байгаа бөгөөд ирэх долдугаар сард ногоон зүлэг тавих ажлыг гадаадын компаниар хийлгэхээр төлөвлөжээ.


Мөн битүү дээвэртэй ордны газар шорооны ажил дуусч, суурь цутгах буюу барилга угсралтын ажил үргэлжилж байгаа аж. Уг ажлыг хариуцагч “Улаанбаатар барилга” компанийн хамт олон цаг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Тэд тус барилгыг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар товложээ. Энд 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолбор баригдах бөгөөд газар шорооны ажил нь дууссан байна.


“Азийн хүүхдүүд 2020” их наадамд оролцох 4000 орчим хүн байрлах тамирчны тосгоны барилга угсралтын ажил дуусч, гадна дотно заслын ажлууд хийгдэж эхэлжээ.

Холбоотой мэдээ