Таеквондочид визгүйн улмаас ДАШТ хүч үзэх боломжгүй болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-15 13:01:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Англи улсын Манчестер хотноо таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.05.15/ эхэлж байгаа бөгөөд манай улсаас хоёр тамирчин л оролцохоор болжээ.


Хоёр жил тутамд зохион байгуулдаг таеквондогийн ДАШТ-д манай улсаас 7 тамирчин оролцохоор бүртгүүлсэн боловч 5 тамирчинд виз олгоогүй аж.


“Рио-2016” олимпын наадамд эх орноо төлөөлсөн П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, Ази тивийн аваргын хүрэл медалт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ий шагналт байрт шалгарсан А.Нацагдорж, Э.Буяншагай нарын 5 тамирчин хоёр жил бэлтгэлээ базаасан боловч ДАШТ-дээ оролцож чадахгүй болжээ. Энэ удаагийн ДАШТ нь “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох хариуцлагатай тэмцээн байсан юм.


Өнөөдөр /2019.05.15/ Улаанбаатарын цагаар 16:30 цагт 58 кг-ын жинд М.Түмэнбаяр тулалдах бол маргааш 54 кг-д Т.Билэгсайхан хүч, ур чадвараа сорих хуваарьтай байгаа аж.


Дашрамд дуулгахад, манай тамирчдын визний асуудалд идэвхийлэн туслан дэмжсэний дүнд хоёр тамирчинд виз олгуулсан БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газар, Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Элчин сайдын яамны хамт олонд Монголын таеквондогийн холбооноос талархлаа илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ