Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-15 23:03:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзлаа. 

Тэрээр энэ удаагийн уулзалтаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулсанаар эхлүүлсэн юм. Тэрээр 2018 онд манай улсын эдийн засаг сайжирч 5,2 хувиар өссөн. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн иргэдийг шударга ёсны төлөө тэмцэж энэ ёсыг тогтоох ёстой. Тиймээс та бүхэн зөв зүйлийг дэмжин сайшааж, буруу зүйлтэй тэмцэж байгаарай. Түмэн олны төлөө төр засаг оршин тогтдог, тиймээс цаашид ард иргэдийнхаа аж амьдралыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэлээ.

Түүний онцолсон дараагийн асуудал бол эцэг эх хүүхдээ заавал их, дээд сургуульд оруулж дипломоос өөр зүйлгүй ажилгүй иргэдийг бэлдэж байхаар мэргэжлийн боловсролыг дэмжээрэй, Засгийн газраас энэ оноос эхлэн МСҮТ-д суралцагчдад сар бүр тэтгэлэг олгож байгаа. Бид цаашид суралцагчдад сард 200-300 мянган төгрөг олгож байхаар төлөвлөөд байна гэсэн юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт гурав дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд  ирэхэд нь Говь-Алтай аймгийн ард иргэд 15 тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтыг Засгийн газраас энэ оны Улсын төсөвт суулгуулснаар ашиглалтад орж эхэлжээ.

Тодруулбал, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга, Онцгой байдлын албаны барилга, 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын ордны барилгын гүйцэтгэл болон тохижилтын ажлыг бүрэн хийсэн байна. Одоогоор АШУҮИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай автозамын барилгын ажил эхлээд байна. Харин энэ онд Говь-Алтай аймагт эмнэлэг, цэцэрлэг, сургууль, соёлын төв гээд нийт 62 обьект ашиглалтад орох ажээ. 

Тэрээр уулзалтынхаа төгсгөлд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө эвдэж хагаралдалгүй эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэхийн төлөө хамтран ажиллая хэмээн уриалсан юм.



Холбоотой мэдээ