Эдийн засгийг хөгжүүлэхэд интернэтийн үйлчилгээ чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-16 11:00:29

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн удирдах зөвлөлийн хурлын үеэр бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийг илүү хурдан, хямд өртөг бүхий интернэтээр хангах чиглэлд олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамжийг гаргажээ.


“Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт, хэрэглээ өргөжиж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, хүмүүсийн амьжиргаанд ашиг тусаа өгч, нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болсон дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хэлсэн байна.


Хятад улс интернэтийн шинэчлэлүүдийг түргэсгэж, энэ онд 300 гаруй хотод өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна “4G” сүлжээний 600 мянга гаруй суурь станцыг байгуулж, засаг захиргааны тосгодын 98 гаруй хувийг “4G” сүлжээгээр хангах ажээ.


Аж үйлдвэр, боловсрол, анагаах ухааны салбарын интернэтийн үйлчилгээг сайжруулж, энэ оны эцэс гэхэд бага, дунд сургуулиудын 97 хувийг өндөр хурдны интернэтээр хангах чиглэлд хүчин чармайлт гаргахыг дээрх баримт бичигт тусгасан байна.


Энэхүү уулзалтын үеэр Хятад улс интернэт сүлжээний үнийг үргэлжлүүлэн бууруулж, жилийн дотор жижиг, дунд үйлдвэрлэлийн интернэтийн төлбөрийг дунджаар 15 хувиар бууруулах тухай хэлэлцжээ. Мөн Хятадын эх газар болон Хонконг, Макао дахь дата роумингийн төлбөрийг 30 хувиар бууруулах ажээ. 

Холбоотой мэдээ