“Huawei” тагнуул үл хийх хэлэлцээр байгуулахыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-16 13:23:27

ЛОНДОН. /BBC/. Huawei” компани Их Британи тэргүүтэй орнуудын Засгийн газартай “тагнуул үл хийх” хэлэлцээр байгуулахыг зорьж байна гэж тус компанийн тэргүүн Лян Хуа мэдэгджээ.


Харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч уг компанийн бүтээгдэхүүнийг Хятад улс хяналт шалгалтын зорилгоор ашигладаг гэх асуудлыг зарим улс орон дэвшүүлээд байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Бүтээгдэхүүнүүд нь тагнуул хийж, хорлон сүйтгэх үйл ажиллагааны эрсдэл учруулж болзошгүй гэх мэдээллийг “Huawei” компани үгүйсгэсээр байгаа юм. Мөн Хятад улсын Засгийн газраас хараат бус гэдгээ удаа дараа мэдэгдсэн боловч зарим улс орон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар тус компанийн тоног төхөөрөмжийг “5G” сүлжээндээ хэрэглэхийг хориглоод байна.


5G” сүлжээг нэвтрүүлэх ажлынхаа хүрээнд “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг зарим хязгаартайгаар хэрэглэхийг зөвшөөрөх боломжтой гэж Их Британи өнгөрсөн сард мэдэгдсэн юм.


“Бид тоног төхөөрөмжийнхөө баталгааг сайжруулахын тулд Их Британи тэргүүтэй орнуудын Засгийн газартай тагнуул үл хийх хэлэлцээр байгуулах хүсэлтэй байна” гэж "Huawei" компанийн тэргүүн Лондон хотноо болсон бизнес эрхлэгчдийн бага хурлын үеэр хэлжээ.  


Huawei” компани нь дэлхийн харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг томоохон төлөөлөгчдийн нэг юм. Харин Өрнөдийн орнууд тус компанийн тоног төхөөрөмжийг “5G” сүлжээнд ашиглах нь аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.


Австрали, Шинэ Зеланд улс “5G” сүлжээндээ “Huawei” компанийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглох шийдвэрийг хэдийнэ гаргасан билээ. 

Холбоотой мэдээ