Төрөх тасаг зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжтэй боллоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-05-16 20:37:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан 2.4 тэрбум төгрөгийн өртгөөр Эх барихын Яаралтай тусламжийн сургалтын өртөөг ЭХЭМҮТ болон 21 аймагт байгуулж өгч байгаа бөгөөд энэ хүрээндээ Баянхонгор аймагт Эх барихын яаралтай тусламжийн сургалтын болон зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт хүлээлгэн өглөө. 

Энэ өдрүүдэд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикава Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт нийлүүлж буй тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

Аймгийн Төрөх тасагт байгуулаад байгаа сургалтын өртөөнд ийнхүү шинээр 20 гаруй нэр төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн нэмэгдэж байгаа бол зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжийг хагалгааны өрөөнд суурилуулжээ. Эдгээрийн нийт төсөвт өртөг 50 гаруй сая төгрөг юм байна. 

Эмнэлэг хоорондын уялдаа холбоо сайн, хариуцсан эмч мэргэжилтнүүд нь чадвартай сэтгэлтэй байгаад НҮБ-ын Хүн амын сангийнхан ихэд олзуурхаж байгаагаа хэлээд, сүүлийн жилүүдэд Баянхонгор аймаг нь эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдлийг бууруулж чадсан маш том амжилтыг улсын хэмжээнд жишиг байдлаар үзүүлсэн нь энэ баг хамт олны ажлын үр дүн гэж дүгнэж буйгаа онцолж байв.

Энэ үеэр сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн ашиглаж дадах, юун дээр анхаарах талаар эмч, сувилагч нарт ур чадвар, мэдлэг олгох сургалтыг төслийн багаас цогцоор нь явуулжээ.

Төрөх тасагт зайн оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмж суурилуулснаар зарим хүндрэлтэй эх хүүхдийн амь насыг эрсдэлд оруулалгүй аврах боломжтой болж байгаа юм. Учир нь тус хагалгааны өрөөнөөс ЭХЭМҮТ буюу мэргэжлийн зөвлөх эмч нартай тоног төхөөрөмжөө ашиглан шууд холбогдсоноор зөвлөгөө авч мэс ажилбар явуулах цогц боломжоор хангагдаж байгаа аж

Холбоотой мэдээ