Хужирт суманд 2018 онд хийсэн онцлох бүтээн байгуулалтыг нэрлэжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-17 09:49:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сумын ЗДТГ-аас 2018 онд хийсэн онцлох 9 ажлыг нэрлэжээ. Онцлох ажлын эхэнд олон жил яригдсан сумын төвийн бетонон гүүрийн тухай оруулсан байна. 

ЗТХЯ-наас 850 сая төгрөгийн төсөвт өртгийг шийдвэрлэснээр гүүрийн ажлыг “ЗМЗ” ХХК өнгөрсөн онд 67 хувьтай гүйцэтгэсэн ба энэ хавраас үргэлжлүүлэн хийж эхэлжээ.

Суманд үйл ажиллагаа явуулж буй рашаан, сувиллууд хамтран  рашаан, шаврын нөөц тогтоох судалгааг “Карст” ХХК-иар хийлгэсэн байна. “Хужирт тур” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Олон улсын амралт, рашаан сувиллын “Хан Хужирт” цогцолборыг барьж үйл ажиллагааг эхлүүлэв.

Сумын ИТХ-ын шийдвэрээр “Өндөр сант” хайрханы сумын анхны тахилга болж, Илдэн бэйлийн хошуунд харьяалагдах сумдын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мөн аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Хужирт Эрдэс баялаг” ОНӨААТҮГ-ыг байгуулж,  Хужирт сумын хот тохижилт, рашаан шаврын нөөц, ашиглалтыг зохицуулах, хамгаалах, хяналт тавих ажлыг гүйцэтгэж эхэллээ. Олон жил хөөцөлдсөн сумын цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бохирын инженерийн шугам сүлжээний зураг төсвийг хийгээд байна.

Онцлох ажлын 7-д Илдэн бэйлийн хошуу “Гандан норовлин” хийдийг үүсэн байгуулсаны 190 жилийн ойг тохиолдуулан Энэтхэг дэх Балдан жүдод дацангийн багш нар Хужирт суманд хоёр өдрийн турш ном айлдсан тухай мэдээллийг жагсаажээ. Өнгөрсөн онд ардын урлагын их наадмыг суманд зохион байгуулж, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд идэвхтэй оролцов.

Шинэ суурьшлын бүсэд улсын төсвийн 307 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 квт-ийн хоёр дэд станцыг барьж, иргэд ая тухтай суурьших нөхцөлийг бүрдүүллээ.

 

Холбоотой мэдээ