Нэг кг хонины махыг 9500 төгрөгөөр худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн зах дээр хонины мах жижиглэнгээр 1 кг нь 9500, үхрийн мах 9000, ямааны махыг 6500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Увс аймагт махыг ийм өндөр үнээр худалдаж байсан тохиолдол өмнөх жилүүдэд гарч байгаагүй юм. Махны үнэ өссөн шалтгаан нь энэ өвөл хятадууд орж ирж малчдаас өндөр үнээр мах авснаас болсон хэмээн махны ченжүүд ярьж байна.
Тэд бас хэлэхдээ: “Малчид өөрсдөө зах дээр малаа борлуулж, ченж нарын гар дамжуулахаа больсон. Бид амьдралын эрхээр өөрсдөө хөдөөгүүр бензин тос хийж яваад мал авчирч зарж байна. Цаанаасаа үнэтэй авсан болохоор махны үнэ ингэж өссөн. Иргэдийн хувьд махны худалдан авалт муу байгаа. Өнгөрсөн жил 1 кг хонины мах 4800-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол энэ жил хоёр дахин өсчихөөд байна” гэсэн юм.
Харин Улаангомын малын
зах дээр малчид өөрсдөө хонио авч ирээд 200-210 мянган төгрөгөөр худалдаалж
байна. Малчид хэлэхдээ, “Энэ жил мал туранхай гарсан тул малын зах дээр цөөн мал
ирж зарагдаж байна. Хятадууд мал, мах өндөр үнээр авсан юм байхгүй ээ. Бид
амьдралын эрхээр л ингэж зарж байна” гэж байлаа.