Цагаан эргийн овоог тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-20 22:31:26

Увс /МОНЦАМЭ/Тэс суманд орших, эртний тахилгат Цагаан эргийн овооны тахилга наадмыг зуны дунд сарын шинийн 14-ний хөх Бич өдөр буюу ирэх 6 дугаар сарын 16-нд хийхээр товложээ. Энэ жилийн овооны тахилга наадмыг Борлууд овгийн Баяртынхан удмын хүмүүс тахихаар болсон байна. 

Тус удмаас Тэс сумын уугуул, Тува Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын заан Д.Бумбаяр болон түүний төрсөн дүү, Монгол Улсын даян мэргэн Д.Норжмоо, самбо бөхийн дэлхийн хошой хүрэл медальт, аймгийн арслан Ж.Дорждэрэм нар төрөн гарчээ. Цагаан эргийн овооны тахилга наадамд улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдахаас гадна "Начин шонхор" хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, Үндэсний сурын харваа, азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааган морьдын уралдаан болох аж. Өнгөрсөн жилийн тахилга наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж байсан юм.

Увс аймгийн Тэс сум хүчит бөхчүүд, алдартай дуучдаараа улсдаа нэртэй. Тус сумаас Монгол Улсын заан цолтон нэг, харцага цолтон гурав, начин цолтон 8 төрөн гараад байна. Мөн МУГЖ Л.Болдбаатар, СТА Л.Банзрагч, Г.Эрдэнэтунгалаг, Ардын дууч Д.Бурмаа нарын авьяаслаг дуучид Тэс сумаас төрөн гарсан байдаг.

Цагаан эргийн овоог одоогоос 300 гаруй жилийн өмнө баядууд босгож, тахин шүтэж ирсэн түүх домогтой бөгөөд тус овоо нь Увс нуурын хөвөө рүү түрж орсон элсэн эрэг дээр байрладаг юм. 

Холбоотой мэдээ