Багуудад гэрээт номын сан ажиллуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-05-21 18:42:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сан Даланзадгад сумтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Уг гэрээний дагуу тус сумын багийн төвүүдэд гэрээт номын санг ажиллуулан, иргэд багийнхаа төвөөс ном авч унших боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Өмнөговь аймаг энэ жилийг салбарынхаа хувьд соёлыг дэмжих жил болгон зарласан юм. Үүний хүрээнд номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дөхөм болгох үүднээс ийнхүү хамтран ажиллахаар боллоо.

Төв номын сан нүүдлийн номын санг ажиллуулан төрийн болон хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Мөн сургууль, цэцэрлэгүүдэд нүүдлийн номын сангаараа үйлчилдэг байна. Тэд энэ сарын 20-нд Даланзадгад сумын 9-р цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн бяцхан жаалуудад хүрч үйлчилжээ. Хүүхдүүдэд үлгэрийн зурагт ном танилцуулан, үлгэр уншиж өгсөн бөгөөд хүүхэд багачуудын сонирхлын дагуу зурагт ном будуулсан байна.

Холбоотой мэдээ