МСҮТ-үүдийн хичээлийн байрыг сайжруулахад 66 тэрбум төгрөг зарцуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-28 17:23:46

Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгууллаа.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга орчим залуус сурч байна. Тэднээс шилдгийн шилдгүүд нь “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтын төлөөлөгчөөр сонгогдон иржээ.

Хөдөлмөрийн яам оюутнуудын суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч шинэ барилга, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, анги танхим, сурах бичиг, сургалтын материаллаг баазыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, сүүлийн таван жилд 66 тэрбум төгрөгийг хичээлийн байр, дотуур байр, дадлагын байрыг шинээр барих, шинэчлэн засварлахад, 3,2 тэрбум төгрөгийг сургалтын орчны шинэчлэлд, 9,8 тэрбум төгрөгийг суралцагчдын хичээл, сургалт-үйлдвэрлэлийн зардалд, 22,7 тэрбум төгрөгийг суралцагчдын тэтгэлэг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан уулзалтын нээлтийн үеэр онцлов.

Чуулганд оролцогчид мэргэжлийн боловсрол сургалтын салбарт сурч буй нийт оюутан залуустаа хандан уриалга гаргалаа. Уриалгад “Сурч буй хугацаандаа Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, анги хамт олон, найз нөхдөөрөө бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтад орж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч инкубацийн үйлчилгээ, оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдан, аж ахуй эрхлэх арга барилд суралцан олон мянган баялаг бүтээгчид болж эх орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцох боломжтой”хэмээжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ