Иргэдийн З0 хувь нь банкнаас, 12 хувь нь ломбардаас зээл авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-27 14:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даатгалын зах зээлийн нийт хөрөнгө 327.6 тэрбум төгрөгт хүрсэн тухай өнөөдөр СЗХ-ноос мэдээллээ.

Даатгалын нийт хөрөнгийг өмнөх оныхтой харцуулахад, 26.8 хувиар өсөөд байна. Мөн ББСБ-уудын нийт хөрөнгө энэ оны эхний улирлын байдлаар 1.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувиар буюу 348.7 тэрбум төгрөгөөр их байгаа талаар СЗХ-ны судалгаа, эрсдэлийн шинжилгээний газрын дарга Н.Хүдэрчулуун мэдээллээ.


                  Даатгалын компаниуд нөхөн төлбөрт 12.6 тэрбум төгрөг өгчээ


Даатгалын салбарын нийт хөрөнгийн 75.9 хувийг ердийн даатгалын компаниуд, 2.8 хувийг урт хугацааны даатгалын компаниудын хөрөнгө эзэлж буйг хэлэв. Өнгөрсөн улирлын байдлаар, даатгалын компаниуд нөхөн төлбөрт 12.6 тэрбум төгрөг өгчээ. Энэ нь даатгалын нийт хураамжийн орлогын 32.8 хувийг эзэлж байна. Харин ББСБ-уудын тухайд нийт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгийн өсөлтийн 77.1 хувийг зээл, 53.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна. Оны эхний улирлын байдлаар ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл 975.5 тэрбум төрөгт хүрээд байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад, 268.8 тэрбум төгрөгөөр буюу 38 хувиар өсөөд байна. Зээлийн нийт үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн, 15.8 хувийг ААН, байгууллагуудын зээл эзэлж байна. Зээлийг ангилбал, 86.8 хувийг хэвийн зээл, 4.1 хувийг хугацаа хэтэрсэн, 9.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.


СЗХ-ноос өнөөдөр ийнхүү хөрөнгийн болон даатгал, ББСБ-уудын нийт хөрөнгө, хадгаламж, зээлийн талаар мэдээлэхээс гадна санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын дүнг танилцуулсан юм. Энэ талаар МУИС-ийн багш, дэд профессор, доктор Б.Соёлмаа хэлэхдээ, “Бид эдийн засаг, санхүүгийн байдлын талаар хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг жил бүр гарган иргэдийн санал бодлыг тунгаадаг. Энэ удаа санхүүгийн зах зээл дэх иргэдийн оролцоо, түүнд итгэх итгэлийг улсын хэмжээнд 1000 иргэдээс түүвэрлэн авснаа хүргэж байна.


Юуны өмнө, судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2 хувь нь зээл авсан байна. Тэдний З0 гаруй хувь нь банкнаас, 12 хувь нь ломбардаас зээл авчээ. Үлдэх 7.4 хувь нь хувь хүнээс, 6.1 хувь нь ББСБ-уудаас авсан байна. Үүнээс үзвэл, 48.3 хувь нь албан бус салбар буюу ломбард, хувь хүнээс зээлжээ. Хот, хөдөөгийн иргэдийн байдлыг харвал, нийслэлийн иргэдийн хамгийн их 49 хувь нь, орон нутгийн иргэдийн 61 хувь нь мөн банкнаас зээл авсан байна” гэв.  


Санхүүгийн байгууллагад итгэх иргэдийн итгэл бага зэрэг өсжээ

Санхүүгийн бусад салбарын талаарх иргэдийн санал бодлыг тунгаавал: Хөрөнгийн зах зээлийн талаар, иргэдийн 14.8 хувь нь биржийн арилжаанд оролцохыг сонирхож байсан, 77.3 хувь нь сонирхож байгаагүй, 7.9 хувь нь энэ талаар мэдэхгүй гэсэн байна. 3.9 хувь нь л үнэт цаасны арилжаанд оролцож байснаа илэрхийлжээ. Хувьцаа, бондын арилжаанд оролцохыг сонирхож байсан иргэдийн 20 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд өмнө нь оролцож байсан бол, 80 хувь нь оролцож байгаагүй гэжээ. Арилжаанд оролцохгүй, сонирхохгүй байгаа шалтгаанаа 36.9 хувь нь арилжаанд хэрхэн оролцохыг мэдэхгүй, 65.1 хувь нь мэдээлэл байхгүй, 13.4 хувь нь арилжаанд оролцох хөрөнгө, мөнгө байхгүй хэмээн тайлбарлажээ. Даатгалын зах зээлийн талаар, судалгаанд хамрагдсан иргэдийн 20 хувь нь сайн дураар ямар нэг байдлаар даатгуулсан, 73.8 хувь нь даатгалгүй гэсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулахад, сайн дураар даатгуулсан иргэдийн тоо гурван пунктээр буурч, даатгалгүй иргэдийн тоо 6.9 пунктээр өндөр байна. Даатгалд их орлоготой, өндөр боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэд түлхүү хамрагддаг бол боловсролын түвшин доогуур иргэдийн дийлэнх нь даатгалын талаар мэдэхгүй байгаа нь харагджээ.

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас даатгуулаагүй гэсэн байна. Энэ тоог 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 21.6 пунктээр өссөн байна. Тэгвэл даатгалд итгэдэггүй гэж 12.8 хувь нь үзжээ. Мөн тооны иргэд даатгалын хураамж өндөр байдаг гэсэн шалтгаанаар даатгалд хамрагдаагүй гэсэн байна. Судалгааны талаар МУИС-ийн багш, дэд профессор, доктор Б.Соёлмаа дүгнэж хэлэхдээ, “Ер нь санхүүгийн байгууллагад итгэх иргэдийн итгэл өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг нэмэгдсэн. Тодруулбал, хөрөнгийн буюу үнэт цаасны зах зээлд итгэх итгэл 4.5, ББСБ-д итгэх итгэл 6.3 болон бусад салбарын итгэл 0.7 пунктээр тус тус нэмэгдээд байна. Даатгалын байгууллагын итгэл 5.5 пунктээр өссөн. Харин Монголбанканд итгэх иргэдийн итгэл 14.2 пунктээр буурсан” гэв.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ