МИАТ-ийн онгоцоор зарим улс руу 46-64 кг тээшийг үнэгүй тээвэрлэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-29 14:17:13

Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” компани энэ оны тавдугаар сарын 01-нээс зорчигчдын тээшний журмыг өөрчлөн, ширхэгийн системд шилжих болжээ.

Ширхэгийн систем гэдэг нь илүү тээшний хяналтыг сайжруулж нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс сүүлийн үед ихэнх агаарын тээвэрлэгчид мөрдөж байгаа дүрэм бөгөөд зорчигч нислэгийн чиглэлээс хамаарч 1-2 ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх юм. Харин нэмэлт тээш нь ширхэг бүрт тодорхой хэмжээний төлбөр ноогдуулах аж.

Өөрөөр хэлбэл та энгийн ангилалаар аялсан тохиолдолд 23 кг жин бүхий нэг ширхэг, бизнес ангилалаар аялсан тохиолдолд 32 кг бүхий нэг ширхэг тээш үнэгүй тээвэрлэх боломжтой бөгөөд харин хойд болон өмнөд америк, карибийн арлууд, австрали, номхон далайн орнууд руу аялахдаа нэг тийзтэй бол энгийн ангилал тус бүр 23 кг хоёр, бизнес ангилал тус бүр 32 кг хоёр ширхэг тээш үнэгүй тээвэрлүүлэх эрхтэй юм.

Энэхүү журмыг Олон улсын иргэний нисэхийн холбооноос гаргасан IATA - 302 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан байна. Одоогоор манай улс руу нислэг үйлдэж байгаа агаарын тээвэрлэгч компаниудаас Korean Air, Air China, Aeroflot зэрэг компаниуд дээрхи системийн дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Ч.Ариунболд

 

 

Холбоотой мэдээ