Гондурасын Ерөнхийлөгч асан буруугаа хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-29 15:05:38

НЬЮ-ЙОРК. /BBC/. ФИФА-гийн авлигын дуулианд холбогдсон Гондурасын Ерөнхийлөгч асан Рафаэль Кальехас өөрийг нь буруутгасан хоёр зүйл анги болох авлига авсан, луйвар хийснээ хүлээжээ.

Буруугаа хүлээсэн мэдэгдлийг Кальехас Америкийн Нью-Йорк хотын шүүхэд хийсэн байна.

Өдгөө 72 настай Кальехас тухайн үедээ мөн Гондурасын Хөл бөмбөгийн холбоог тэргүүлдэг байв.

Түүнийг хөл бөмбөгийн тэмцээнийг телевизээр дамжуулах эрх болон маркетингийн эрхийг худалдахдаа авлига авсан хэрэгт өнгөрсөн оны 12 дугаар сард буруутгажээ.

Франс-Пресс агентлагийн мэдээлж буйгаар, Гондурасын Ерөнхийлөгч асныг 4 сая долларын барьцаагаар сулласан байна.

Кальехас бол ФИФА-гийн авлига, луйврын хэргээр АНУ-ын мөрдөн шалгаж байгаа байгууллагууд болон 42 хүний нэг юм.

Гондурасын Ерөнхийлөгч асанд наймдугаар сарын 5-нд 22 жил хүртэл хорих ял оноож магадгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ