Мэргэжлийн ур чадвартай тогоочийн хүрэлцээ хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-03 17:02:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас Арвайхээр суманд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ажил олгогч нарыг оролцуулсан “Кофетой уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалтаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сурталчлах, хоол үйлдвэрлэлийн салбар дахь ажиллах хүчний хүрэлцээ хангамж, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг ярилцсан юм.

Ажил олгогч нараас мэргэжлийн ур чадвар сайтай тогоочийн хүрэлцээ хангалтгүй, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сул, ажилд хариуцлагатай хандах хандлага төлөвшөөгүй, цаашид энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулах, чадваржуулах асуудлыг шат шатандаа анхаарч ажиллах шаардлагатайг дурдаж байв.
Энэ үеэр оролцогчдод “Эрүүл, аюулгүй ажлын байр” аяны дэвтэр, “Дэвжээ” тэмцээний удирдамжийг танилцуулж гардууллаа. ХХҮГ-аас цаашид эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрээр ажил олгогчдын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ