Хаваржилт хүндэрсэн сумынханд туслахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 09:42:16

Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат суманд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэд хэдэн газар энэ сарын 28-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.        

Энэ сумдад туслахаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, ОБГ-ын дарга хошууч Д.Наранбаатар, Японы хүүхдийг ивээх сангийн захиргаа, хүний нөөцийн /аюулгүй байдлыг эрхлэсэн/ хэлтсийн дарга Х.Дэлгэрзаяа нар гарын үсэг зурсан юм.

Эдгээр сумын 592 өрхөд өвс тэжээлийн, 328 өрхөд мөнгөн тусламж, эрүүл мэндийн газрын түргэн тусламжийн үйлчилгээнд 12 сая 695 мянган төгрөг, тухайн сумдын Засаг даргын Тамгын газарт мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор үхсэн малын сэг зэмийг устгахад зориулж эхний ээлжинд 15 сая төгрөгийн тусламж үзүүлж байна. Энэ бол анхны туслалцаа юм. Нийтдээ 101 сая 537 мянган төгрөгийн анхны тусламжийг үзүүлэх юм байна. Цаашид сэг зэмийг устгахад нэмэлт тусламж үзүүлнэ гэж захиргаа хүний нөөцийн /аюулгүй байдлыг эрхлэсэн/ хэлтсийн дарга Х.Дэлгэрзаяа хэллээ.

Японы хүүхдийг ивээх сан нь Монгол улсад үйл ажиллагаа явуулахдаа нарийн судалгааны үндсэн дээр тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Ойрын хугацаанд хөдөөгийн сумдын сургуулийн сурагчдын дотуур байрыг тохижуулахад зориулж хөрөнгө гаргахаар судалгаа хийж байна.

Мөн 2011 оноос Тариат сумын хүн эмнэлэгт, 2012 оноос Архангайн бусад салбарт өнөөг хүртэл туслалцаа үзүүлж байна.

Архангай аймаг. Л.Булган

Холбоотой мэдээ