"Номун далай" цогцолбор сургуулийн шинэ барилга ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-06 09:20:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жил буюу одоогийнхоор "Номун далай" цогцолбор сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо.

Баянхонгор аймаг Түйн голын эрэгт, Номгон хайрханы өвөрт нүүж ирэхтэй зэрэгцэн 1961 онд тус сургуулийн барилгын суурь тавигдсан бөгөөд 1964 онд ашиглалтад орсон байдаг. Тус сургуулийн барилга сүүлийн жилүүдэд нуралт, суулт үүсч, мэргэжлийн байгууллагаас "Цаашид ашиглах боломжгүй" гэсэн дүгнэлт удаа дараа гарч байжээ. Тиймээс орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр сургуулийн барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Сургуулийн шинэ барилга биеийн тамирын талбайд сүндэрлэн босох бол барилга ашиглалтад орсоны дараа хуучин барилгыг нурааж, тэр орчныг стандарт байдлаар тохижуулан биеийн тамирын талбай болгох аж.

Сургуулийн барилгын хувьд орчин үеийн стандарт шийдэл бүхий гурван давхар цогцолбор барилга байх бөгөөд нийт 9000 гаруй метр кв талбайг эзэлнэ. Дотроо 2 спорт заал, урлагийн заал, стандарт гал тогоо, зоогийн газартай байх зэргээр орчин үеийн шийдлээр зураг төсөв хийжээ. Энэхүү зураг төсвийн дагуу барилгын бүх гүйцэтгэлийг явуулах ба гүйцэтгэгч компанийн зүгээс нэг жилийн хугацаанд буюу 2020 оны зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ