Талибуудын хяналтад байгаа мужийн шоронгоос 84 хүнийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ. /FOXNEWS/. Афганистаны цэргүүд Талибан бүлэглэлийн хяналтад байгаа тус улсын хойд нутгийн Фаряаб мужийн шоронгоос 84 хүнийг суллажээ. Энэ тухай Афганистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны төлөөлөгч Мохаммад Аниф Резае мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, Афганистаны аюулгүй байдлын албаны цэргүүдийн өнгөрсөн лхагва гарагт тус мужид явуулсан ажиллагааны үеэр сулласан хүмүүсийн дотор энгийн иргэдээс гадна талибуудад олзлогдсон "Лалын улс" бүлэглэлийн террористууд байжээ.
Олзлогдсон террористуудын дунд Узбекистаны 4, Тажикстаны 3, Киргизийн 3 иргэн байсан бөгөөд тэдэнд ямар арга хэмжээ авахыг одоогоор шийдээгүй байгаа аж.
Талибан бүлэглэл болон Афганистан дахь "Лалын улс"-ын сүлжээ бүлэглэл, Афганистаны Засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болж байгаа юм. Тус хоёр бүлэглэл нь итгэл үнэмшлийн хувьд өөр өөр бөгөөд хоорондоо нэг бус удаа мөргөлдөж байжээ. Талибан бүлэглэл өнгөрсөн жил Жозжан мужид халдах үеэрээ "Лалын улс"-ын террористуудыг олзолсон байна.