Монголын эдийн засгийн хүндрэл төрийн буруутай бодлогоос үүдэлтэй гэв

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-03-30 12:07:31

Монгол Улсад үүсээд буй эдийн засгийн хүндрэл гадны хүчин зүйлээс бус төрийн буруутай бодлогоос болсон гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр нээлтээ хийж буй “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 7 дахь жилдээ зохион байгуулж буй уг форум “Сорилт, сургамж, шийдэл” сэдвийн хүрээнд явагдаж байна. Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших 26 жил монголчууд төр тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь хөгжүүлж, оршин тогтнож чадах эсэхийг шалгасан үе байсан. Анхны том сорилт Азийн хямрал нэртэйгээр 1998 онд ирсэн. Энэ хямрал биднээс бус Ази тивээс шалтгаалсан гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үеэр хэллээ.

Тэрбээр, “Тухайн үед Монгол Улс дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жижиг бүтэцтэй байсан тул хямралаас амархан гарсан. Гэхдээ л дэлхий эдийн засагтай харилцдаг ганц бүтээгдэхүүн болох Эрдэнэтийн зэсийн үнэ унаж байсан. Удаах хямрал 2008 онд ирсэн. Энэ хямрал дэлхийг бүхэлд нь бүрхсэн. Валютын нөөц шавхагдаж, банкууд үүдээ барьж эхэлсэн. Үүнийг даван туулахын тулд бид цалин тэтгэвэр нэмэх чадваргүй 2 жил зүтгэсэн. Ингэснээр Олон улсын валютын сангийн хатуу нөхцлийг биелүүлж, хямралаас гарсан. Тэр үед Австрали улсад бий болсон байгалийн гамшиг тус улсын уурхайнуудыг бүхэлд нь усанд автуулж, нүүрсний үнэ хэд дахин өссөн. Энэ нь Монголд завшаан болсон юм. Эдүгээ нэг тонн нь 26 ам.доллар байгаа нүүрс тухайн үед 105 ам.доллар болон өссөн. Үүнтэй зэрэгцэн Оюутолгой төсөлд 9.1 тэрбум ам.доллар орж ирснээр эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Тэр үед бид өмнөх хямралаасаа суралцах бус хэрэглээгээ тэлэх тансаг замыг сонгосон. Монголын төр, иргэдийн хооронд сонгуульд аль нам ялбал бидэнд хэдэн төгрөг өгөх вэ гэдэг харилцаа бий болж, гэрлэсний, хүүхэд төрүүлсний гэх зэрэг юм бүхэн “шагнал”-тай болж, 4 тэрбум ам.доллар хувааж идсэн.

Эдийн засгийн 3 дахь сорилт гаднаас бус биднээс шалтгаалсан. Дээр дурьдсан эдийн засгийн өсөлтийг хувааж идээгүй байсан бол хямрахгүй байсан. Өнөөдөр уул уурхай, байгалийн баялагт тулгуурласан бүх улс хүчтэй хямарч байна. АНЭУ-ын дундaршгүй баян гэгдэх эдийн засаг анх удаа иргэдээсээ татвар авах тухай ярьж эхэллээ. БНХАУ ч 1.8 сая хүнийг ажлаас халахаа зарласан. Нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан 2011 онд Таван толгой төслөө хэрэгжүүлсэн бол, төмөр замаа барьж чадсан бол өнөөдөр нүүрсний экспор өөр өнгө төрхтэй байх байлаа. Тиймээс энэ удаагийн хүндрэлийг дэлхийнх бус Монголынх, бизнесийнх бус улс төрийн, эдийн засгийн бус сэтгэлгээний угшилтай гэж харж болно.

Дан ганц байгалийн баялагт тулгуурлан баян улс бий болгохгүй нь тодорхой болж байна. Тиймээс өндөр технологи, мэргэшсэн инженерүүд хэрэгтэй байна. Байгалийн баялаг бус бусад салбараа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах шаардлага бий болж байна. Орд газраа эргэлтэд оруулж, иргэддээ үр ашгийг нь хүртээж байх болох бүх гарц гаргалгааг ашиглах хэрэгтэй юм” хэмээв.

Түүнчлэн, “Засгийн газар төсвийн орлого буурлаа, хөрөнгө оруулалт зогслоо гээд гар хумхин зүгээр суусангүй. 1921-2012 оны хооронд ердөө 2900 зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 2700 км зам барилаа. 40 жил огт нэмэгдээгүй нэмэгдээгүй эрчим хүчний чадлыг сүүлийн 4 жилд 323 мВт-аар өсгөсөн. Энэ онд Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Эрдэнэтийн цахилгаан станцийн өргөтгөлийг хийх болно. Сүүлийн 90 жилд бид 100 мянган айлын орон сууц барьсан бол эдүгээ ганцхан жилийн дотор 25 мянган айлын орон сууц барьж байна.

Монгол Улсын гадаад өр нийт 21 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 4.9 тэрбум бөгөөд үлдсэнийг нь арилжааны банкууд, хувийн хэвшлийн зээл эзэлж байна. Өрийн тухай яриагаар бусдыг утаж байхаар өөрсдийнхөө тавьсан зээлийн дороос өндийж байхыг улс төрчдөд сануулмаар байна. Та бүхний зээлийг жирийн иргэд төлөх ёсгүй гэдгийг хатуухан хэлмээр байна” хэмээв.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана бол уул уурхай, эрдэс баялаг билээ. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүний ханш уналтад орсон нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлд улам бүр ачаалал нэмж байгаа юм. Монгол Улс зөвхөн уул уурхайн орлогод дулдуйдах бус бусад салбараа тэгш хөгжүүлж чадвал эдийн засгаа хүндрэлээс гаргах төдийгүй дэлхийн зах зээлд ч томоохон тоглогч болох боломжтой юм. Ингэхдээ аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн, мах экспортлох зэрэгт анхаарах шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак нээлтийн үеэр тавьсан илтгэлдээ дурьдлаа.

Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байгаа бөгөөд маргааш буюу энэ сарын 31-нд өндөрлөнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш болох Үндсэн хуралдаанд оролцож үг хэлэх юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ