Тарваган тахлын голомтод хайгуулын шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-08 13:33:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗӨСТ-өөс Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтод тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэжээ. 

Хайгуул шинжилгээгээр монгол тарвага, зурам, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийсэн байна. Шинжилгээний явцад амьтан олборлон тэдгээрийн үс ноолуураас бүүрэг цуглуулан, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа аж. 

Мөн Өлзийт сумын Эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж байгаа хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгаа хийж, санамж материал тараасан байна. 

Энэ тахлын идэвхжлийн үе нь найм, есдүгээр сард эхэлдэг байна. Ямар нэгэн өвчтэй тарвага хошгирч чаддаггүй бөгөөд тийм тарвага болон нохой үнэг, хярсанд бариулсан тарваганаас хол байх хэрэгтэйг албаныхан сануулав.

Тарваган тахал нь олон улсын дүрмээр зохицуулагддаг, байгалийн голомтот хурц халдварт өвчин. Богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, эрт оношилж зөв эмчлээгүй тохиолдолд богино хугацаанд хүндрэн үхэлд хүргэдэг байна.

Тарваган тахал нь өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салстын бүтэн байдал алдагдсан үед болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд, зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцсанаас арьсны болон булчирхайн хэлбэрийн тахлаар шууд халдварладаг аж. Мөн дам, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг байна.

Холбоотой мэдээ