“Гүйдэг Ухна” буюу таван мянган буйлтай малчин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 08:44:22

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Гүнчин-Ишийн Хүрэл-Ухныг нутгийнхан нь “Гүйдэг Ухна” гэж авгайлдаг гэх.

Тэмээ, морь байтугай  мотоцикл ч унадаггүй явган таваргадаг түүнийг тэмээний буйл зорох хоббитой гэдгийг сонсоод гэрийг нь зорив. Эрдэнэ сумаас баруун тийш 18 гэдэг газар аж төрдөг Хүрэл-Ухна гуай ганц бие тул дүүгийнхээ малыг маллаад гэртээ бараг хонодоггүй аж. Отрын гэмээр жижиг бор гэртээ эд хогшил бараа таваараа хураажээ.

“Миний хогшил бол тэмээний буйл юм” гэж хууч дэлгэсэн тэрээр бор гэрийнхээ баруун орон дээр хураасан тэмээний буйлаас гаргаж үзүүллээ. Заримыг нь гэрийнхээ унинд хавчуулчихаж. Залуудаа “Амьдралын зам” нэгдлийн тэмээчин явсан тэрээр 1971 оноос хойш буйл зорж, цуглуулсаар эдүгээ 5000 гаруй буйлтай болжээ.

“Залуу байхдаа сахилгагүйтээд сонирхолдоо хөтлөгдөж тэмээний буйл ганц нэгийг авчихдаг байлаа. Өөрөө  сонирхож зорж цуглуулж байлаа. Мөн нутгийнхандаа буйл зорж өгдөг.

Өгсөнийг нь авчихдаг. Хилийн заставынхан буйл аваад оронд нь гутал хувцас өгч байлаа. Иртэй хутга, өрөвтүүл байхад болдог. Буйлыг буйлс модоор хийнэ. Хуучны улсууд буйлыг сайхан зордогсон. Нас бие гүйцсэн тэмээнд бүдүүхэн мод, бага шиг тэмээнд нарийхан мод шаардлагатай.

Тухтайхан зорвол 20 минутад, яаруухан бол таван минутад дуусгачихдаг. Товхийг нь шир, гөлөм зэргээр хийдэг. Хангайн модтой харьцуулахад буйлс уян хатан чанартай. Модыг сонгохдоо ацтай, муруйгүй, яргүй байх талаас нь шинжинэ.

Буйлаа хийсний дараа шар тосоор тослоход зөөлхөн өнгөлөг болдог. Говийнхон тэмээгээ уналга эдэлгээнд хэрэглэх нь багассан. Одооны тэмээний хамар жижигхэн болжээ. Тэмээгээ унаж эдлэхгүй байгаа болохоор яс чанар нь муудаж байна.

Цуглуулсан буйл маань энэ цаг үед хэрэгтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Хадгалах сав ч муутай боллоо. Нэг танил маань надад хэлэхдээ “Чамайг үхвэл буйлыг чинь овоолоод шатаачихаж мэднэ шүү” гэсэн. Үнэн байх” хэмээн Хүрэл-Ухна дурамжхан өгүүлэв.

Тэрээр Өмнөговийн Ханбогд, Манлай сумаар явж тэмээний тухай уулзалт ярилцлагад оролцож байснаас гадна Хөвсгөл суманд болсон тэмээчдийн наадмын буйл зорох тэмцээнд түрүүлж байжээ.

1978 онд нэг хүнд буйл хийж өгчихөөд гурван жил цэргийн алба хаагаад ирэхэд хэрэглэж л байсан. Яаж хэрэглэхээс л шалтгаалдаг. Хуучны хүмүүс сүүл урттай, хойд хөл бүдүүн, монхор хамартай тамир тэнхээ ихтэй тэмээгээр буур тавьдагсан. Алсаас бараа нь харагдаад л сүртэй, ашиг шим сайтай буянтай мал. Надад мал гээд сүйд болох юм байхгүй.

Ганц тэмээ, олзны тавхан ямаа бий. Ашиг хонжоо, эрх ямба хайж явсангүй. Номыг нь сураагүй боловч номхоныг нь сурсан байх. Нутгийн хүмүүс тус дэм хүсвэл чадахаараа тусалдаг гэж ярих тэрээр хуучны алдарт тэмээчдиин нэрийг дурдаж тэр дундаас хөдөлмөрийн баатар тэмээчин Хүрээт агсны тэмээ маллах арга ухааны талаар онцолж ярив.

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1000 тэмээтэй малчин байгаа гэж сонссон. Харин 5000 буйлтай хүн надаас өөр байдгийг мэдэхгүй гэж ярих  түүний хууч  хурдан гүйдэг байсан тухай шилжлээ.

Багадаа морь тэмээ уналгүй малдаа явган дэгддэг байсан тэрээр 1978-1981 онд Эрдэнэтэд барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж бага түрүүч, салаа орлогч явжээ.

Удалгүй 1000 цэргийн марш тактикийн тэмцээнд түрүүлж гурван хоногийн чөлөөгөөр шагнуулав. Тангараг өргөж 128 бөх барилдахад хоёр давж боорцог хүртэж байж. Мөн  цэргээс ирээд Бүх ард түмний спартакиад Өргөн суманд болоход мөн л түрүүлж байсан гэв. Залуудаа Эрдэнэ сумаас аймгийн төв орох 100 км газарт замдаа өнжиж хоноод алхаж, гүйж явсаар ирсэн тухай хуучлав.


 

Залуу цагтаа бэлчээрт мал хариулаад өдөртөө 10-25 км газар явчихдаг байжээ. 1986 оны үе. Арбулаг орчимд тэмээ хариулаад явж байлаа. Гэтэл үүдэн хоймрын зайтай газар нэг мод харагдах шиг болов. Жаахан бөхийсхийж дэрсний ард нуугдан дахин ажиглатал нэг хүн хэвтчихсэн байгаа харагдлаа. Бариад авья гэвэл буу зэвсэгтэй байж магад.

Дийлэхгүй байх гэж бодоод тухайн газраа тойруулж тэмдэг тавиад Арбулагийн застав руу дэгдчихэв. Гүйж очоод л хэллээ. Удалгүй Хилийн цэргийнхэн ирээд нөгөө хүнийг бариад авсан. Гадаад хүн байна л гэсэн. Ангаж цангасан бололтой жавьжаар нь цагаан хөөс сагарсан тэр хүнийг барьж өгсөн гээд онц хилчин тэмдгээр шагнуулсан.

Хилийн Отряд ойн баяраараа намайг урьдаг л юм. Одоо ч таних хүнгүй болжээ гэв. Жаран нас гарсан үедээ гүйж яваад биеэ муутгасан тэрээр дахин гүйгээгүй ойр зуур  алхдаг байна. Өвдөх өвчин байхгүй ч нас хөгширч хайхрамжгүй байдлаас болоод  өөртөө анхаарал хандуулж чадсангүй.

Гэхдээ аймгийн Эмнэлгийн дарга Мөнхбаясгалангийн ачаар тэтгэвэр авдаг болсон. Зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв гэж үг бий. Гэвч зуун найзын хоёр нь л тусална биз дээ. Бусад нь үгүй байх. Хармаандаа хэдэн төгрөгтэй явах нь зөв гэдгийг одоо л ойлгож байна.

Өдөртөө дүүгийнхээ хонийг хариулаад оройдоо гэрийн бараа хардаг. Хонинд явдаг болохоор өдөртөө бараг юм идэхгүй. Орой хоол идээд нэг том данх цай уугаад л унтана даа. Харин давсаг сайтай тул шөнө шээс хүрэхгүй.Телевиз үзэхгүй, радио хааяа сонсдог гэв.

Цагаан сар, наадмаар дээлээ өмсдөг ийм нэгэн хөдөөгийн цөлх эр говьд аж төрж ганган улаан тэмээддээ зориулж буйл урласаар. 

Ганган шар атаа унаад баясдаг, галбын хүрэн буур хараад сэтгэл нь хөөрдөг Хүрэл-Ухна гуайн энэ ажил өв уламжлалаа хадгалж тэмээн соёлыг дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх үнэ цэнтэй ажил юм.

Аялал жуулчлал дэлгэрч буй өнөө цагт аймаг, сумаас дэмжээд, менежментийг зөв хийж чадвал үүгээр дамжуулж орон нутгаа, тэмээн сүргийг сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж байж болох. Өвгөн тэмээчний амьдралыг тэтгэж болно. Орон нутгийн удирдлага анхааралдаа авахад илүүдэхгүй л болов уу. 

 

Холбоотой мэдээ