Газрын тосны хайгуулын анхны өрөмдлөгийг "Петро матад" ХХК хийхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-10 17:49:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт газрын тосны хайгуул эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн байгууллага бий. Эдгээр компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах ёстой. Гэрээний биелэлт болоод суурь судалгааны ажлын үр дүнд "Петро матад" компани энэ онд хайгуулын ажлын хүрээнд анхны өрөмдлөгөө хийхээр болжээ. 

Манай компани анх 2006 онд Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан. Гэрээнд тусгагдсан талбайн хувьд "Матад-20" буюу Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумыг хамарсан талбай бий. Гэрээг байгуулснаас хойш газрын тосны цооног өрөмдлөгийн ажлын бэлтгэл ажил болох суурь судалгааны бүх ажлыг өнөөг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд хийсэн. Үүний үр дүнд анхны цооног өрөмдөх ажлыг хийхээр болоод байна. Яг одоогоор өрөмдлөгийн бэлтгэл ажлууд хангагдаж байна гэх мэдээллийг "Петро матад" ХХК-ийн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од өглөө.

Газрын тосны хайгуулын компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу орон нутгийн хөгжлийг дэмжих төлбөрийг төлөх ёстой. Одоогоор тусгай зөвшөөрөл эзэмшигч дөрвөн ААНБ-аас "Петро матад" ХХК гэрээний үүргээ биелүүлж орон нутгийн хөгжлийн санд төлбөрийг төвлөрүүлжээ. Бусад "Вульфпетролиум", "Макс ойл", "Монголый Шин И энержи"  ХХК-ууд гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа аж. Тиймээс гэрээний биелэлтийг хангахгүй байгаа эдгээр ААНБ-уудын нөхөн төлбөрийг шүүхийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна.


Улмаар газрын тосны зөвшөөрөл бүхий ААНБ-ууд Монгол Улсын Засгийн газар болоод аймаг орон нутагтай байгуулсан гэрээний биелэлтийг хангуулах, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилгын хүрээнд аймгийн ЗДТГ, ашигт малтмал газрын тосны газартай хамтран өнөөдөр тус аймагт “Газрын тосны хайгуул-2019” сэдэвт уулзалт, зөвлөлгөөнийг хийлээ. Уулзалт, зөвлөлгөөнд Ашигт малтмал газрын тосны газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Сүхбаатар аймаг болон зарим сумын удирдлагууд, газрын тосны чиглэлээр зөвшөөрөл эзэмшигч ААНБ-ын төлөөллүүд оролцсон юм.  

2018 онд төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсрлуулсан. Үүний хүрээнд Монгол Улс газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох ажлыг эхлүүлсэн. Одоогоор экспортод гаргаж буй газрын тосны хэмжээ Монгол Улсын жилийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Энэ хэрэгцээ цаашид ч өсөх хандлагатай байгаа. Тиймээс дараагийн газрын тосны сав газар, талбайг илрүүлэх нь бидний хувьд зайлшгүй шаардлагатай ажил болоод байгаа.

Үүний хүрээнд Сүхбаатар аймагт газрын тосны нөөц байж болохуйц газарт хайгуулын ажлыг эхлүүлсэн. Үүгээр тосны илэрц байна уу, үгүй юу гэдгийг тогтоож буй юм. Тос гарсан болгонд олборлолт хийнэ гэж бас ойлгож болохгүй. Үнэхээр газрын тос илэрлээ гэхэд нөөцийг тогтоох, ТЭЗҮ-ийг боловсруулж, олборлолт хийсэн тохиолдолд эдийн засгийн ашигтай байж чадах уу гэдгийг үндэслэн дараагийн ажлаа төлөвлөдөг. Үнэхээр эдийн засгийн ашигтай байгаад олборлолт эхэллээ гэхэд тухайн орон нутагт ажлын байр нэмэгдэх, газрын тосны нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн санд төвлөрөх гээд олон талын үр ашигтай. Нөгөө талаараа газрын тос нь хатуу ашигт малтмалыг бодвол байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээрээ давуу талтай. Тиймээс Сүхбаатар аймагт газрын тосны нөөц илэрлээ гэхэд түүнийг зөв, хуулийн дагуу ашиглах хэрэгтэй гэж Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэллээ. 

Холбоотой мэдээ