Англи хэлний мэдлэг дээшлүүлэх “Аccess-8” хөтөлбөрт 26 сурагч хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-11 14:34:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг дээшлүүлэх “Access” хөтөлбөр найм дахь удаагаа амжилттай хэрэгжиж байна.

Америкийн соёл мэдээллийн төв, Ховд аймгийн Нийтийн номын сан хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэл соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш нарыг чадваржуулах чиглэлээр 2007 оноос эхлэн хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд  тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг дээшлүүлэх “Аccess” хөтөлбөр хэрэгжүүлснээр 120 гаруй сурагч хамрагджээ. Тэгвэл энэ жил “Аccess-8” хөтөлбөрт 26 сурагч хамрагдсан бөгөөд  эрдмийн баяр зохион байгууллаа.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд АНУ-ын ЭСЯ-ны удирдах ажилтнууд болон “Аccess-8” хөтөлбөрийн зохицуулагч, чиглүүлэгч багш нар, сурагчид оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.  

Тус хөтөлбөр нь АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Монгол Улсад 2006 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5 аймгийн 600 гаруй сурагч хамрагдаж, англи хэлний мэдлэг, ярих ур чадвараа дээшлүүлжээ.

Дэлхийн 80 гаруй оронд хэрэгжиж байгаа “Access” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сурагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй нийгэмд өөрсдийн бодит хувь нэмрээ оруулах сайн дурын ажилд идэвхтэй оролцож, хамтдаа хөгжиж  байгааг албаныхан онцоллоо. 

2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгаас нэг сурагч АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ