Эмч солилцоо үйл ажиллагааг амжилттай явууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-13 12:21:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн “Эрүүл мэндийн байгууллагын дарга нарыг бие биенээсээ туршлага судлах, давуу болон сул талыг илрүүлэх, “Инээмсэглэл-Эерэг хандлага”-ыг хуваалцах чин хүсэл зорилго бүхий “Эмч солилцоо” үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эмч солилцоог “Хүн бүрт сайн чанар-Байгууллага бүрт давуу тал бий” уриан дор аймгийн ЭМГ-ын даргын тушаалын дагуу явуулсан байна. 

“Эмч солилцоо” үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 20 сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нар оролцжээ. Тэд 05 дугаар сарын 25-ны өдрөөс энэ сарын 02-ны өдөр хүртэл 7 хоногийн турш өөрийн ажиллаж байгаа орчноо өөрчилж, ижил мэргэжлийн нөхдөөсөө ажлын туршлагаа харилцан солилцсон байна. Мөн тэд ажиллах явцдаа эмч, удирдагч, шийдвэр гаргагч хүний хийж бүтээх, хэрэгжүүлж болох бүхий л ажлыг удирдамжийн дагуу хянан шийдвэрлэхийн зэрэгцээ ажлын урам зориг, эрч хүчээ нэмэгдүүлсэн аж.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сум, 6 тосгонд хоёр нэгдсэн эмнэлэг, нэг сум дундын эмнэлэг, сум, тосгоны Эрүүл мэндийн 20 төв ажилладаг байна.

Дараагийн илгээлтийн эзэд Нэгдсэн эмнэлгүүдийн дарга нар байх ажээ. 

Холбоотой мэдээ