ТТГ-ын мэдээлэгчдийг Ким Жөн Уны эсрэг ашиглахыг зөвшөөрөхгүй байх байсан гэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-12 12:39:01

ВАШИНГТОН. /TASS/. Мэдээлэгчдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эсрэг ашиглахыг Америкийн тусгай албаныханд зөвшөөрөхгүй байх байсан гэж Дональд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.


Тэрбээр БНАСАУ-ын удирдагчийн ах Ким Жөн Нам нь Америкийн Тагнуулын төв газрын /ТТГ/ мэдээлэгч байсан байх магадлалтай гэх Америкийн хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд тайлбар өгөхдөө ийм мэдэгдэл хийсэн байна.


“ТТГ-ын тухай, БНАСАУ-ын удирдагчийн эцэг нэгт ахын талаарх мэдээллийг би уншсан. Ийм зүйл миний удирдлага дор болохгүй байх байсан гэдгийг би Ким Жөн Унд хэлэх байсан. Би ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх байсан” гэж Трамп мэдэгджээ.


Ким Жөн Нам болон ТТГ хоорондоо “харилцаа холбоотой байсан” тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан урьд нь мэдээлсэн билээ. Тус сонинд мэдээлснээр, тэрбээр Америкийн ТТГ-ын мэдээлэгч байсан бөгөөд “ төлөөлөгчидтэй нь нэг бус удаа уулзаж байсан” аж. 2017 оны хоёрдугаар сард буюу амь насанд нь халдах үед Ким Жөн Нам өөртэй нь холбоо тогтоосон ТТГ-ын төлөөлөгчтэй уулзахаар Малайзад очсон байжээ. Гэхдээ эх сурвалжийн үзэж буйгаар энэ нь тэрбээр тус улсыг зорих болсон цорын ганц шалтгаан биш байсан байна. АНУ-ын ТТГ энэ мэдээллийн талаар огт тайлбар өгөөгүй байна.


Ким Жөн Нам 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Цагдаагийн мэдээллээр, үл таних хүмүүс нүүр рүү нь шингэн зүйл цацсаныхаа дараа зугтсан, толгой нь маш хүчтэй өвдөж, эргэж байна гэж тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа хэлж байжээ. Ким Жөн Нам мэдрэл саажуулах “VX” гэдэг бодист хордсоны улмаас нас барсан гэж Малайзын эрх баригчид мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ