“Сүү тараг” хөтөлбөрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 15:50:32

Аймаг орон нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудыг сүү сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангаж бие бялдар, оюуны өсөлт хөгжилтийг дэмжих зорилготой “Сүү тараг” хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжээд дөрвөн жил болж байна. 

2016 оны "Сүү тараг" хөтөлбөрийн  нээлт өнөөдөр болж нээлтэнд орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд  эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэ оны хөтөлбөрт 10800 гаруй хүүхэд хамрагдах ба орон нутгийн төсвөөс 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх ажээ. Хөтөлбөр аймгийн төв болон 14 суманд амжилттай хэрэгжиж байгаагаас гадна Баяндалай, Номгон, Булган, Сэврэй, Баян-Овоо, Ноён сумдад хүүхдийн сувилал давхар  ажиллуулж эхлээд байна.

Сүү тараг хөтөлбөрт аймгийн 6-12 сартай бүх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдүүд болон 2 хүртэлх настай 2 ба түүнээс дээш ихэр хүүхдүүд хамрагддаг юм.   Сүү тараг аймгийн хөтөлбөрийг 2013 оноос эхлэн 3 жил дараалан орон нутгийн төсвөөс 360.0 сая төгрөгийн хөрөнгөөр амжилтай хэрэгжүүлж ажилсан ба 3 жилийн хугацаанд 6-12 сартай 21792, 2 хүртэлх насны ихэр 60, 17 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй 358, жингийн алдагдалтай 157, хүүхэд тус тус хамрагджээ. Харин хөтөлбөрийн үр дүнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжилт сайжирч, жилдээ 50 гаруй хүүхдүүд жингийн дутагдлаас гарсанаас гадна жирэмсэн эхчүүд, иргэдийн сүү цагаан  идээний хэрэглээ нэмэгдэж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажилгааны хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй "Сүү тараг" хөтөлбөр энэ онд хэрэгжиж дуусах юм.

“Сүү тараг”  хөтөлбөрийг Өмнөговь аймаг Монгол Улсдаа анх удаа хэрэгжүүлж эхэлсэн юм.

                                                                                                    Өмнөговь аймаг Н. Золбаяр

 

Холбоотой мэдээ