Гол тигэний бага бичээсээр гарын авлага боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-12 15:45:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сэргэлэн интернэйшнл экспедишион" ТББ-ын Хүн бичиг сэргээх хоёр дахь удаагийн сургалтаар Гол тигэн /тээхэн/ буюу Культигэнд зориулсан Билгэ хааны их, бага бичээсийг бүрэн тайлж, тайлбар толийг боловсруулжээ.


Энэ талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тус ТББ байгуулагдсан цагаасаа Монголын эртний түүхэнд холбогдох сурвалж бичгийг монгол хэлнээ хөрвүүлсний зэрэгцээ, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэгтгэн хүннү, хэлбичиг заах хоёр удаагийн сургалт явуулсан байна.

 

"Сэргэлэн интернэйшнл экспедишион" ТББ-ыг үүсгэн байгуулагч С.Сэргэлэн хэлэхдээ, “Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон томоохон бичгийн дурсгалуудыг тайлж уншсанаар, тэдгээр бичээсүүд нь зөвхөн Түрэг төрийн үеэс хэрэглэсэн, одоогийн бидний монгол хэлнээс өөр гэсэн ташаа үзлийг арилгаж байна. Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэр, Орхон голын зүүн дэнжид хадны хос бичээс бий. Үүний нэг нь Билгэ хааны их бичээс, нөгөө нь Культигэнд зориулсан бага бичээс юм. Эдгээр бичгийг гадаад, дотоодын олон эрдэмтэд судалсан боловч одоогоор нийтээр хүлээн зөвшөөрсөн хэмжээний тайлан уншсан бүтээл хараахан гараагүй байна. Хүн бичгийн анхны сургалтад бага бичгийг бүрэн  судалсан тул энэ удаагийн сургалтын явцад үзсэн зүйл, бусад хийсэн судалгааны хэрэглэгдэхүүнд үндэслэн Гол тигэний бага бичгийг орчин цагийн монгол хэлнээ тайлан уншихад зориулан утга тайлах тайлбар толь зохиосон. Уг бичээст Билгэ хааны захиас орсон бөгөөд бичээсийг дэлхий даяар Диван Лугат толь сэргээн уншдаг. Энэхүү тольд давхардсан тоогоор 6000 гаруй үг, давхардаагүй тоогоор 2000 гаруй үгтэй. Уг үгсийг зөвхөн монголчууд 85 хувийг мэднэ. Хүн бичиг сонирхогчдын тоо улам бүр нэмэгдэж буй тул ийнхүү тайлбар толь уншигчдад өргөн барьж байна” хэмээв.

 

Хоёрдугаар сургалтад 12 хүн хамрагджээ. ОХУ-аас ирсэн Наталия Валерьевна Монголова, “Манай нутгаас олдсон чулуун дээрх бичээсийг сэргээн унших зорилгоор сургалтад хамрагдсан. Сургалтад хамрагдахаас өмнө Хүннү гүрний талаар хангалттай мэдээлэлгүй байсан. Одоогоор зорилгодоо хүрээгүй байна. Гэвч сургалтын явцад хүн бичээс монгол хэл, буриад хэлтэй ойролцоо, дөхөм байсан нь урам зориг төрүүлсэн. Энэ бичээсийг орос хэлнээ хөрвүүлнэ. Ингэснээр зөвхөн монголчууд төдийгүй орос хэлтэй хүмүүст заах гарын авлага болно” гэв.

 

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Г.Буянтогтох, “Хүн бичгийн сургалтыг нийгэм, улс төрийн шалтгаанаас сурч чадаагүй. Тэгвэл энэ удаа эхний сургалтад сурагчаар, хоёр дахь сургалтад туслах багшаар төгслөө. Сургалтад хамрагдсанаар өвөг дээдсийнхээ хуримтлуулсан мэдлэг, боловсрол, соёл түүх рүү маш том алхлаа” хэмээсэн юм.

 

Тус ТББ цаашид Хүн бичгийн судалгаа өргөжих тусам “Хүн бичгийн тайлбар толь” гэсэн томоохон бүтээл гаргах бөгөөд төрийн гурван өндөрлөгт өргөн барина гэдгээ хэлсэн юм. Мөн дараагийн сургалтыг 9 дүгээр сард Тоньюукийн бичээсээр зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ