Киргиз, Монголын төрийн тэргүүн нар уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-12 18:29:47

БИШКЕК. /Kabar/. Киргиз, Монголын улс төрийн хамтын ажиллагаа шинэ үе шатанд хүрснийг Киргизийн Ерөнхийлөгч Сооранбай Жээнбеков Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ онцолжээ.


Х.Баттулга албан ёсны айлчлал хийхээр Киргиз улсад хүрэлцэн очсон юм. С.Жээнбеков хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатайг онцлоод, Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж буй нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна хэмээн хэлсэн байна.


"Бид Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа нээхээр ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод ойрын ирээдүйд Өргөмжит консулын газраа нээхээр төлөвлөж байна" гэж Киргизийн төрийн тэргүүн нэмж хэлжээ.


“Монгол, Киргиз улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэн. Бишкек дэх Монголын Элчин сайдын яамны нээлтийн үйл ажиллагаанд оролцох болсондоо баяртай байна. Манай улсад Киргизийн Элчин сайдын яамыг нээх таатай мэдээг сонсоно хэмээн найдаж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлжээ.


Цаашид хоёр талын өндөр дээд түвшний төлөөлөгчдийн хэлэлцээг тогтмол зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх шаардлагатайг тэрбээр онцолсон байна. 


Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яамыг нээж буй нь хоёр талын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн Х.Баттулга хэлээд, Монгол, Киргиз түүхэн харилцаатай орнууд болохыг онцлон тэмдэглэжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Хяргас болон Иссык-Куль нуурыг холбох аялал жуулчлалын чиглэл бий болгох саналыг Киргизийн талд тавьжээ. Мөн тэрбээр, Монгол улс "Азийн хүүхдүүд” наадмын бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар дурдаад, уг наадамд Киргизийн төлөөлөгчид оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Х.Баттулга Киргизийн Ерөнхийлөгчийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг мөн урьсан байна. Хоёр орны удирдагчдын уулзалтын үр дүнд талууд нийт есөн баримт бичигт гарын үсэг зуржээ. 

Холбоотой мэдээ