Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан боловсруулсан тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, батлав.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр танилцуулахдаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байгааг үндэслэн тус хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Тиймээс эл хуулийн төслөөр дээрх үндэслэлтэй нийцүүлж өөрчлөлт оруулж байгааг дурдлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүдийн хариултад, Захиргааны хуульд тавьсан хоригтой холбогдуулан зөвхөн тус хуулийн 1 дүгээр зүйлийг 3.1.7-д өөрчлөлт оруулж буйг хэлсэн.
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1.7 дахь заалтыг “УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр”, тайлбарыг “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан “онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын тухайн шийдвэрээс салгаж болохгүй, Засгийн газрын шийдвэрийг ойлгоно” гэж өөрчилж буйг өчигдрийн ХЗБХ-ны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, эл хуулийн төслийг дэмжиж буйгаа онцлоод, захиргааны шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн хяналтаас гаргах нь дотоод зөрчилдөөн үүсгэж, эрх нь зөрчигдсөн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг дордуулсан. Тиймээс цаашид бусад хуулийн төслийг хэлэлцэхдээ, иргэдийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах хэрэгтэйг онцолсон. Мөн тэрээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хэлсэн.
Ингээд санал хураахад гишүүдийн олонх эл хуулийн өөрчлөлтийн төслийг батлахыг дэмжлээ.
