Мексикийн Ерөнхийлөгч нисэх онгоцоо худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-13 14:43:39

МЕХИКО. /Reuters/. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор өөрийн нисэх онгоцоо худалдсан орлогыг хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахад зориулна гэж амлажээ.


Мексикийн бараа бүтээгдэхүүнд АНУ татвар ногдуулахаас сэргийлэхийн тулд тус улсыг зорих Төв Америкийн иргэдийн цагаачлалын асуудлыг зохицуулах чиглэлд хүчин чармайлт гаргахаар талууд тохиролцсоны дараа Мексикийн Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдсэн байна.


Зүүнийг баримтлагч А.Обрадор 2018 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ерөнхийлөгчийн онгоцыг худалдаж, орлогыг нь ядуу хүмүүст туслахад зориулна хэмээн мэдэгдэж байсан бөгөөд тэрбээр “Boeing 787 Dreamliner” онгоц 150 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байгаа ажээ. Уг нисэх онгоцыг анх 218 сая ам.доллароор худалдан авч байжээ.


Мексикийн Ерөнхийлөгч энэ талаар сэтгүүчдэд мэдээлэхдээ, Ерөнхийлөгчийн нисэх онгоцны оронд арилжааны нислэгээр зорчих болно гэжээ. Уг нисэх онгоцыг ойрын хэдэн сарын хугацаанд худалдах бөгөөд үүнээс гадна Засгийн газрын өмчийн 60 онгоц, 70 нисдэг тэргийг худалдахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ