А.Шинзо, Х.Рухани нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-13 13:03:39

ТЕХРАН. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзах үеэрээ хурцадмал байдал дахин даамжирч, Ойрхи Дорнодод цэргийн санаандгүй зөрчил үүсэхээс сэргийлэхийг уриалсан байна. Тэрбээр АНУ-тай хэлэлцээ хийхийг Иранд санал болгох зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.


"Иран, АНУ хоорондын маргааныг зохицуулах чиглэлд Япон улс чадах бүх зүйлээ хийнэ" хэмээн хэлсэн талаараа А.Шинзо Ираны Ерөнхийлөгчтэй “Саадабад” ордонд уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. "Бид зэвсэгт мөргөлдөөнөөс ямар ч хамаагүй үнээр зайлсхийх ёстой. Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдал нь зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд ихээхэн ач холбогдолтой юм" гэж А.Шинзо хэлжээ. Такэо Фүкүдагийн 1978 оны айлчлалаас хойш Иранд хийж буй Японы Ерөнхий сайдын анхны айлчлал энэ болжээ.


Х.Рухани, “Бид АНУ-тай дайтахыг хүсэхгүй байна” гэж хэлээд, хэрэв дайн дэгдэх нөхцөл байдал үүсвэл шууд оролцох болно хэмээн тэмдэглэжээ. Мөн тэрбээр, бүс нутагт хурцадмал байдал өсөн нэмэгдсэнийг бид харж байна. Үүнд АНУ-ын эдийн засгийн дайн буруутай. Хэрэв эдийн засгийн дайн дуусвал, тогтвортой байдал тогтоно гэж бид үзэж байна гэж хэлсэн байна.


Иран улсад хоёр хоногийн айлчлал хийж буй А.Шинзо Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеитэй пүрэв гарагт уулзана.

Холбоотой мэдээ