Орхон голын Онгоцтойн аманд барих төмөр бетон гүүрний ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-16 22:13:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн аманд барих төмөр бетон гүүрний шавыг тавилаа. 

Орхон голын 105 метр урттай модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009 онд урсгал засвар хийж ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж байсан юм. Гэвч 2014, 2018 онд үерийн улмаас гүүрний шал бүрэн эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон.
Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр сум, аймгийн удирдлагууд, төлөөлөгчид төр засагт удаа дараа хандаж байв. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хөөцөлдөлгөө, дэмжлэгтэйгээр улсын төсөвт хөрөнгө суулгасны үр дүнд 220 метр урттай төмөр бетон гүүр, сум хүртэл 6,32 км хайрган зам, Цагаан голын 30,6 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг цогцоор нь "Мотор сервис" ХХК гүйцэтгэхээр ажлаа эхлүүллээ.
Төмөр гүүрийг бүрэн ашиглалтад ортол ард иргэд, жуулчдын ая тухтай байдал, эрэлт хэрэгцээг хангах үүднэс хуучин модон гүүрийг “Хархорин АЗЗА” компани сэргээн засварласан юм. Гүүрний засвар, үйлчилгээтэй танилцаж, шинэ гүүрний шав тавих ёслолд оролцлоо.

Холбоотой мэдээ