Хилчин дайчид тангараг өргөлөө

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 14:55:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын үндсэн хуулийг эрхэмлэн дээдэлж иргэний цэргийн үүргээ биелүүлэн эх орны хүү болж буйгаа батлан тангарагласан “Цэргийн тангараг өргөх” ёслол боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай хилчин, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243-р ангийн хугацаат цэргийн алба хаагчдын “Цэргийн тангараг өргөх” ёслол энэ сарын 9-ний өдрийн морин цагт Сэлэнгэ аймгийн төв “Партизаны талбай”-д ёслол хүндэтгэлтэй боллоо.

Эл үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, мөн ангийн захирагч болон албаны төлөөллүүд, алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын аав, ээж, ахан дүүс оролцов. Тус ангид 2019 оны 1-р ээлжинд алба хаах хугацаат цэргийн алба хаагчид Улаанбаатар хот, Архангай, Булган, Төв зэрэг аймгаас иржээ. Энэ өдөр эдгээр алба хааж буй цэрэг дайчид сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл болсон аранзал улаан тугийнхаа дор цэцэн буугаа мөрлөн жагсч, Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхээ ийнхүү батлан тангараглалаа.

Тус ХЦ-ийн 0243-р ангид алба хааж буй цэрэг дайчдын 78 хувь нь онц буудагч болцгоож, богино хугацаанд цэргийн эрдэмд хичээнгүйлэн суралцсаныг ХЦ-ийн 0243-р ангийн ЦССАЗБТ-ийн дарга онцлов. Ёслолын үйл ажиллагаанд алба хаагчдын аав ээж, ах дүүсийн төлөөллүүд Улаанбаатар хот, Архангай, Булган, Төв аймгаас хүрэлцэн ирсэн байв. Ийнхүү хугацаат цэргийн албанд татагдан ирсэн хилчин дайчид цэргийн эрдэмд шамдан, оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан суралцаж, эх орныхоо торгон хилийг соргогоор хамгаална хэмээн тангараг өргөлөө. 

Холбоотой мэдээ