"Маамуу" төслийг санаачлагч Г.Гантуяа МУСТА цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-14 13:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2016 оноос эхлүүлсэн "Маамуу" хүүхдийн цогц контентыг мэдэхгүй хүн ховор болсон. Хүүхдэд зориулсан дуу, хүүхэлдэйн кино, ном, буддаг ном, тоглоом гэх мэт олон бүтээлээр энэ төсөл амжилттай үргэлжилж байна. 

Монгол хүүхдэд зориулсан, монгол ахуйг харуулж, монгол соёлыг таниулсан уг контентыг санаачлан  бүтээсэн  Г.Гантуяад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгийг өнөөдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан  гардууллаа.


Номадик контент компанийн Ерөнхий захирал Г.Гантуяа "Бид 2014 оноос гаднын хүүхдийн контентыг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэхээр судалгаа хийх явцдаа, монгол үндэсний хүүхдийн контент байх зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харсан. Гэхдээ энэхүү контент нь орчин үеийн хэв маягтай, өнгө дүрстэй, хэл яриатай олон улсын бүтээлүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний контент байж хүүхдүүд сонирхох юм байна гээд төслөө эхлүүлж байлаа. Аами, Таами хоёр үндсэндээ бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, тэдний хөгжилд эцэг эх, асран хамгаалагчийн олон талт оролцоог нэмэгдүүлэх, ирээдүйн зөв төлөвшилттэй иргэнийг хөгжүүлэхэд чиглэж, дутагдалтай байгаа хүүхдийн контентыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа” гэж шагнал гардах үедээ ярилаа.

"Маамуу" төсөл амжилттай хэрэгжиж, Аами, Таамиг хүүхдүүд сайн мэддэг болсноос гадна дараагийн төсөл болох "Ботгохон" цогц контентын ажлаа ноднингоос эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ