Шотландад 22 сая гаруй мод тарьжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-06-14 14:48:44

ЭДИНБУРГ. /The Hill/. Шотланд улс мод тарих зорилгоо өнгөрсөн онд давуулан биелүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан талаар тус улсын Ойн сангийн асуудал хариуцсан агентлагаас пүрэв гарагт мэдээлжээ.


2018 онд Шотланд улсад 10 мянган га талбайд мод тарихаар төлөвлөж байсан хэдий ч 11200 га талбайд мод тарьсан ажээ. “Scotsman” сонинд мэдээлснээр, өнгөрсөн онд шинээр тарьсан модны тоо 22 сая давсан байна.


“Шотландын ой модод дэлхийн агаар мандлаас жил тутам 9.5 сая тонн нүүрсхүчлийн хийг арилгаж байна. Мод тарих нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэчнээн ач холбогдолтой болохыг дээрх үзүүлэлт харуулж байна” гэж тус улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан танхимын нарийн бичгийн дарга Фергус Юинг хэлжээ.


Шотландын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд тарих модныхоо тоог улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2024 оноос хойш жил тутам 15 мянган га талбайд мод тарихаар зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ