"Мянган мутарт Жанрайсигийн ван"-ыг хоёр өдөр айлдана

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-06-16 22:27:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бурхны шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой ирэх долоодугаар сард тохиож буй.

Ойн ажлын хүрээнд Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн нийт сүсэгтэн олондоо зориулж бүх олноороо амар амгалан, эрүүл жаргалтай, элбэг хангалуун сайн сайхан амьдрахын тухайд айлдах "Мянган мутарт Жанрайсигийн ван" хэмээх их номыг хоёр өдрийн туршид Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдэд айлдах юм. Өнөөдөр эхний өдрийн айлдвар хийсэн бөгөөд Баянхонгор аймгийн 1000 орчим сүсэгтэн даган баяслаа.

Тус айлдварт бэлтгэл ажлыг эртнээс базааж, хийдийн гадна тайз угсралт, асар, сандал, нийтийн бие засах газар, зохион байгуулагч хүүхдүүд зэргээр бэлтгэлийг бүрэн хангасан нь сүсэгтэн олны сэтгэлд хүрч, тав тухтай байдлыг бүрдүүлсэн бөгөөд буян номдоо хичээнгүйлэн шамдаж байв.

Ламын Гэгээнтэн Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд бурхны номонд шамдан суралцаж байгаа бөгөөд Далай ламын айлдвар зарлигийн дагуу зургаадугаар сарын 16-18-ны өдөр “Мянган мутарт Жанрайсигийн ван”, нас буяныг арвитгах “Насны авшиг-ийг Хонгорчууддаа айлдаж байгаа юм. Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Ламын Гэгээний Гонгандандэданлин хийд, сүсэгтэн олны хүсэлтээр тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Ламын Гэгээний Гонгандандэданлин хийдийн зүгээс Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын өлмий батжихын тухайтад “Бат оршил” буюу “Даншиг” өргөх юм байна.