Дуу цахилгаантай бороо орж, салхи ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-16 22:10:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд бороо, хур ихтэй байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17, 21-ний өдрүүдэд аймгийн нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байгааг мэдээллээ.

Тиймээс иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байж аюулгүй байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.

Иргэд цаг агаарын нөхцөл, аюулгүй байдлаа хангалгүйгээр орон нутгийн замд явснаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулж байгааг албаныхан сануулав.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Давстай бор нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/, иргэн О-ийн эзэмшлийн “Кроун-170” загварын суудлын автомашин /1 том хүн, 3 хүүхэдтэй/ шаварт суусан тухай дуудлага өчигдөр буюу зургадугаар сарын 15-ны өдрийн 17:20 цагт аймгийн ОБГ-т иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 70 км замыг туулан 22:00 цагт очиж, 20 минут ажиллан шавраас гаргаж аюулгүй болгосон байна.

Холбоотой мэдээ