Хоёр орны ахмадын байгууллагын үйл ажиллагаа өргөжиж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-06-17 14:15:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ОХУ-ын Буриад Улсын ахмадын байгууллагын удирдах ажилтны сургалт семинарын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, удирдах зөвлөлийн гишүүн, Алтанбулаг сумын АХ-ны дарга П.Буян-Эрдэнэ, ХЦ-ийн 0101-р ангийн АХ-ны дарга Д.Баярбаатар нар оролцоод иржээ.

Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо нь энэхүү үйл ажиллагаанд Хиагтын АХ-ны дарга Ц.Р.Очировын зуучлалаар, ОХУ-ын Буриад Улсын Ахмадын холбооны тэргүүн Ревомир Баярович Гармаевын урилгаар оролцсон байна. Тус Ахмадын хороо нь 2014 оноос ОХУ-ын Буриад Улсын Ахмадын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдүгээ таван жил харилцан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлсээр иржээ.

Энэхүү сургалт Буриад Улсын Кабанын дүүргийн Корсаково тосгонд болж, Буриад Улсын сум, тосгоны 40 гаруй дарга, удирдлагын бүрэлдэхүүн, дүүргийн ЗДТГ-ын мэрэгжилтнүүд, Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид оролцсон аж. Эл үйл ажиллагаанд анх удаа гадны орны тэр дундаа хөрш Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төлөөлөл оролцсон нь шинэлэг бөгөөд онцлог болжээ.  

Тус сургалтын хүрээнд Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлын талаар хоёр тал урьдчилан хэлэлцэж, улиран өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа дүгнэж, хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн хөгжүүлэх, идэвхжүүлэх асуудлаар санал солилцон харилцан тохиролцоонд хүрлээ хэмээн Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг хэллээ.

Мөн цаашид Монгол Улсын бусад аймаг, нийслэл, хот, дүүргүүдийн ахмадын байгууллагуудыг холбон өгч, шефийн холбоо тогтоон хамтран ажиллах саналыг уламжилж, нааштай хариу хүлээн авсан аж. Түүнчлэн энэ ондоо багтаан энэхүү саналыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон гэлээ.

Үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр Р.Б.Гармаев, Ф.С.Булдаев нарын зургаан ахмадыг шагнаж урамшуулсан байна. Энэхүү хөрш хоёр аймгийн Ахмадын байгууллагуудын сургалт, семинар сарын 13-14-ний өдөр ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот, Кабанын дүүргийн Корсаково сууринд болсон байна.

Корсакова тосгон нь шимт Сэлэнгэ мөрний хөвөөнд, үзэсгэлэнт Байгал далайн ай сав газарт байршилтай бөгөөд 6000 гаруйхан хүн амтай жижигхэн суурин ажээ.  

Холбоотой мэдээ