Ж.Эрдэнэбаатар: Төрийн албан хаагчдын сахилга, ур чадвараас аймаг орон нутгийн ирээдүй шалтгаална

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-18 17:56:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс төрийн маргаанаас болж Сүхбаатар аймагт төрийн ажил цалгардаж байна гэх хүмүүс цөөнгүй байсан. Энэ ч үнэний ортой. Гэвч одоогоос нэг жилийн өмнө энэ маргаан эцэслэн шийдэгдэж, төрийн ажил хэвийн горимд шилжсэн. Тэгвэл үүнээс хойш орон нутгийн ажил хэрхэн өрнөж байгаа талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай ярилцлаа. Түүний хувьд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг үр дүнтэй байлгахаас гадна төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэлээ.


-Сайн байна уу? Юуны өмнө урилга хүлээн авсанд талархал илэрхийлье?

-Сайн, сайн байна уу. Танай сайтаар дамжуулан уншигчдад аймаг орон нутгийнхаа ажлыг танилцуулах завшаан олдсонд баяртай байна.

-Аймгийн засаг даргаар томилогдож ирснээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил юу вэ?

-Сүхбаатар аймагт уул уурхайн компаниудын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс эрчимжсэн. Гэтэл аймаг орон нутгийн хувьд зөвхөн Цайрт минераль, Цахиурт овоо гэсэн хоёр газраас нийгмийн хариуцлагын гэрээний дагуу төлбөр авч ирсэн. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Тиймээс энэ бид үүнийг эрс өөрчилсөн. Уул уурхайн компаниудтай тэмцэж эхэлсэн. 2018 онд зургаан компанитай гэрээ байгуулсан бол энэ жил уг тоог 20 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор 10 гаруй ААНБ-тай гэрээ байгуулаад байна.

Үүнийгээ дагаад аймагт орж ирэх хөрөнгө мөнгө нэмэгдэнэ. Мөн газрын тосны чиглэлээр хайгуул, өрөмдлөгийн ажлуудыг аль 1990 оны сүүлээс хийж ирсэн ч эндээс бас л нэг ч төгрөг орж ирж байгаагүй юм байна. Гэтэл бид энэ жил анх удаа газрын тосны компаниудаас 140 мянган долларыг орон нутгийн төсөвт авч чадсан. Ер нь Сүхбаатар аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах л гэж байгаа бол орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, зохих төлбөрийг өгч, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай байж нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Үгүй бол бид тэднийг дэмжихгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Энэ бол байгаль орчныг хайрлан хамгаалах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, цаашлаад аймаг орон нутагт орж ирэх төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн томоохон ажил гэж харж байгаа.

Дараагийн томоохон ажил бол хадлан тэжээл бэлтгэх ажилд эргэлт гаргасан. Экспорт болон арилжааны чиглэлээр Сүхбаатар аймгаас хадлан хадахыг хориглосон. 2016,2017 онд 150 гаруй хадлангийн бригад Сүхбаатар аймгийн газар нутагт өвс хадсан бол бид энэ тоог өнгөрсөн жил 45 болгож бууруулсан. Өмнөх жилүүдэд хадсан отрын бүс нутаг, малчдын өвөлжөө, хаваржааг энэ жил өнжөөсөн. Ирэх жил мөн л ийм байдлаар явна. Ер нь энэ хадлангийн зах замбараагүй бригадаас үүдэн Сүхбаатар аймгийн отрын бүс нутагт ирж суурьших гадныхны хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үндсэндээ нутгийн малчид цаг хүндрэхээр очиж нутагладаг нөөц газруудыг гадныхан эзэгнэсэн, их хэмжээний бод малтай ирж нутаглаж бэлчээрийг үгүй болгосон гашуун дүр зураг манайд бий. Аймаг орон нутгийн зүгээс үүнтэй ч хатуу тэмцэж, энэ бүс нутгийг чөлөөлөх ажлыг эрчимжүүлээд байна. 

-Таны хувьд ажлаа авч байхдаа аймгийн хэмжээнд царцаагдсан гэх барилгын ажлыг үргэлжлүүлэхээс ажлаа эхэлнэ гэж байсан. Энэ биелсэн үү?

-Аймагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Анх ажлаа авахдаа яг таны хэлсэнчлэн царцаад байсан томоохон барилгуудын ажлыг эрчимжүүлэх үүргийг өгч байсан. Одоогийн байдлаар эдгээрээс уламжлалтын эмнэлэг, усан бассейны барилгын ажил бүрэн дууссан, Дарьганга зочид буудлын ажлыг хийж байна. Үүнийг бид энэ онд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөсөн. Мөн шинэ орон сууцны хорооллуудын ажил дахин сэргэж, барилгын ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор манай аймагт анх удаа түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Тухайн барилгын гүйцэтгэгч компанид аймгийн зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар газар, дэд бүтцийг нь шийдээд өгвөл тус барилгын ашиглалтад орсон талбайн хоёр хувийг авахаар гэрээ байгуулж эхэлсэн. Ингэснээр бид өөрсдийн нөөцөд орон сууцтай болж эхэлсэн. Улмаар аймагт томилолтоор ирж байгаа төрийн алба хаагчдыг орон байраар хангах боломжтой болох юм. Ер нь цаашид өнгөрсөн жилүүдэд төлөвлөөд байсан 1500 айлын орон сууцны хорооллын зураг төсөв болоод газрыг яг хэвээр нь хадгалж байгаа. Үүнийг эхлүүлэх ажлын эрлийг бид хийж байгаа. 2020 онд ажил хэрэг болгож чадвал манай аймаг орон сууцны гачигдлаас гарч, залуучуудыг орон сууцаар хангах боломж бүрдэх юм.

-Өнгөрсөн өвөл болоод хавар амаргүй байлаа. ХАА-н салбарын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Тийм ээ. Манай аймгийн хувьд энэ бол санаа зовних асуудал. Өвөл цасгүй, хавар хуурайшилт их байсантай холбоотойгоор үлийн цагаан оготно маш их тархсан. Үүнийг устгах ажилд багагүй хүч хаяж ажиллалаа. Энэ жил ХХААХҮЯ-наас манайд дэмжлэг үзүүлж 60 тонн хорыг үнэгүй олгосон. Үүнийг механик аргатай хослуулан устгалын ажлыг явуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо. Тодруулбал, 12 суманд оготно устгалын ажлыг өрнүүлж, нийт 80 мянган га газарт оготно устгал хийсэн. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалаад мал болон малчид их зутарлаа. Хавар малчдад аймгийн нөөцөөс өвс, тэжээлийг үнэгүй олгосон. Одоо хур бороо орж, ган тайлагдаж байгаа учир цаашид ямар нэг хүндрэл үүсэхгүй болов уу гэж бодож байна. Аймгийн хэмжээнд мал төллөлт дуусах шатандаа байна. Таван сарын сүүлээр авсан мэдээгээр төллөх малын 82,2 хувь нь төллөсөн. Гарсан төлийн 96,1 хувь нь эсэн мэнд бойжиж байна гэсэн мэдээтэй.

-Улсын төсвөөс орох хөрөнгө оруулалт урьд жилээс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Энэ онд нийт 62 орчим тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Энэ дотор өнгөрсөн жил эхэлсэн ажлуудыг гүйцэтгэх болон шинээр хийх ажлууд багтсан. Энэ жил шинээр хийх бүх ажлыг найман сар гэхэд эхлүүлж, цаашлаад оны эцэст тус бүрийг 30 хувийн гүйцэтгэлтэй байлгах ёстой гэсэн зарчмыг барьж байгаа.

Өнгөрсөн жилүүдийн байдлыг харахад худалдан авах ажил, үйлчилгээнүүд зураг төсөв нь дутуу эсвэл газрынх нь асуудал шийдэгдээгүй гэх мэт дутуу эхэлснээс болоод ажил саарах, гацах тохиолдол байсан. Энэ жилээс эхлэн ийм байдал дахин гаргахгүйн тулд анхаарч байгаа. Үүний үр дүн ч гарна гэж итгэж байна. Томоохон бүтээн байгуулалт гэвэл Баруун-Урт суманд 9,1 км хатуу хучилттай зам, 5,5 км цэвэр усны, 2,2 км бохир усны шугам тавина. Цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчилнэ, хогийн цэгийг цэгцэлнэ, гэрэлт гудамж байгуулна, дулааны станцын өргөтгөлийн ажил эхэлнэ, улсын төсвөөс гадна орон нутгийн төсвөөр хийх бүх ажлыг энэ ондоо багтаан дуусгах зорилтуудыг тавин ажиллаж байна.

Үүнээс гадна төсвийн байгууллагуудад хийх хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэх сарын 11 гэхэд сонгон шалгаруулалтыг дуусгаж, ажлыг нь эхлүүлэхэд бэлэн болгоно гэж төлөвлөн ажиллаж байна. Цаашлаад 2020 онд хийх ажлаа маш нарийн төлөвлөж байна. Ер нь энэ жил улсын төсвийн хөрөнгөөр томоохон ажлууд хийхээр тусгагдсан. Бид энэ боломжийг маш сайн ашиглаж, үр дүнтэй ажил хэрэг болгох ёстой. Үүн дээр л гол анхаарлаа хандуулан ажиллаж байна даа.

-Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг ч үүний үр дүн тун бага санагддаг. Үүн дээр аймаг орон нутгийн зүгээс ямар бодлого барьж байна?

-Бидний баримталж буй бодлого бол өнгөрсөн жилүүдэд барьж байсан бодлогыг үргэлжлүүлж, хэрэгжүүлэх явдал. Гол бүс нутаг бол зүүн өмнөд бүс нутаг буюу Дарьгангын байгалийн үзэсгэлэнт газраа түшиглэн хөгжүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн өвөл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунд ажиллаад ирсэн. Энэ үеэрээ хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцаж, маршрутаа гаргасан. Үүний хүрээнд нэн тэргүүнд Эрдэнэцагаан суманд барьсан 80 ортой зочид буудлыг хүлээн авч, ашиглалтад оруулах, Дарьганга сумын зусланг аялал жуулчлалын цогцолбор болгон шинэчлэх ажлуудыг эхлүүлээд байна. Аялал жуулчлалын салбарыг дагаад ажлын байр, иргэдийн орлого, аймаг орон нутагт орох мөнгө нэмэгдэнэ.

-Тэгвэл өнгөрсөн жил аймгийн хэмжээнд хэчнээн иргэн түр болон тогтмол ажлын байраар хангагдсан бэ?

-Ажилгүйдлийн түвшинг аймгийн ХХҮГ-аас гарсан судалгаан дээр үндэслэн гаргадаг. Өнгөрсөн жил 800 гаруй иргэнийг ажлын байранд зуучилсан. Үүний хажуугаар бүртгэлгүй ч хувийн хэвшилд, төсөл хөтөлбөр дээр ажилласан, мөн уул уурхайг дагаад шинээр бий болсон ажлын байр олон бий. Ингээд үзэх юм бол 1000 орчим ажлын байрыг шинээр бий болгожээ гэж үзэж болно. Гэхдээ үүний тодорхой хувь нь байнгын гэхээс илүү улирлын шинж чанартай байгаа юм. Энэ жил бид ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байна.

-Таны ярианаас иргэд ажлын байраар маш сайн хангагдсан гэж харагдахаар байна. Гэтэл Сүхбаатар аймгийн ажилгүйдлийн түвшин болоод ядуурлын түвшин улсын дунджаас дээгүүр байдаг шүү дээ?

-Ажилгүйдлийн түвшин гэдэг бол харьцангуй ойлголт. Миний хувьд манай аймгийн ажилгүйдлийн түвшинг улсын дундажтай харьцуулж боломгүй санагддаг. Учир нь манайд ажилгүй гээд байгаа иргэд тодорхой хэмжээгээр мал аж ахуй эрхэлж байдаг. Хэдийгээр цөөн малтай ч түүнийхээ үр шимийг хүртээд төсвийн байгууллагын ажилчдаас өндөр орлоготой байх явдал цөөнгүй бий. Өнгөрсөн хавар манай аймаг ноолуурын хамгийн анхны дээд үнийг тогтоож, 133 мянган төгрөгт хүргэсэн. Мөн манай малчдын нэг давуу тал бол хурдан морио өндөр үнээр борлуулж чаддаг. Үүнийгээ дагаад банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх оноос 14,21 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Энэ бол иргэдийн орлого нэмэгдэж байгаагийн илрэл бөгөөд үүний ихэнх нь малчдын орлого гэсэн үг. Гэхдээ аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ.

-Тэгвэл үүнийг бууруулах гол хүчин зүйл нь юу юм бэ?

-ХХААХҮЯ-ны ЖДҮДС-гаас ирж буй мөнгийг хэдхэн төсөл хөтөлбөрт, үйл ажиллагаа нь жигдэрсэн ААНБ-д өгөх төлөвлөгөө байхгүй. Нэн түрүүнд аймаг орон нутагт тулгамдаад буй үйлдвэрлэлийг бий болгох хэрэгтэй. Барилгын материалын үйлдвэрлэл, малын өвс тэжээл бэлтгэх үйлдвэр, цэвэр усны үйлдвэрүүдийг барих нь чухал болоод байна. ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл олгох журмын хэрэгжилттэй холбоотойгоор аймагт дэд хороог байгуулан ажилдаа ороод байна. Энэ жилийн хувьд 41 төрлийн төсөлд нийт 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн санал ирсэн. Үүнээс дөрвөн төсөл тутмын нэг нь сонгогдлоо гэхэд арав орчим шинэ үйлдвэр бий болох юм. Үнэхээр аймаг орон нутагт хэрэгцээ шаардлагатай төслийг ил тод, шударга сонгон шалгаруулж, санхүүжилтийг олгосноор үүнийг дагасан олон ажлын байр бий болно, тухайн өрхийн орлого нэмэгдэх учиртай. Ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гол зүйл бол ЖДҮ, өрхийн үйлдвэрийг дэмжих явдал юм.

-Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, төрийн албан хаагчдын ур чадвар хангалтгүй байгааг та тогтмол шүүмжилж харагддаг. Үүнийг сайжруулах боломж байна уу?

-Аймаг орон нутгийн ажил, ард иргэдийн байдал ерөнхийдөө төрийн албан хаагчдаас шууд шалтгаална. Тэднээс иргэд их зүйл хүлээдэг. Төрийн хууль журмыг биелүүлж, сахилга хариуцлагатай байхыг шаардаж байна. Монгол Улсын Засгийн газраас ч тавьж буй шаардлага бол төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдал. Хөгжилд хүрэх, ядуурлаас гарах арга зам бол төрийн албаны сахилга хариуцлага гэж Монгол Улсын Засгийн газар харсан. Үүнтэй ч санал нэг байгаа. Миний хувьд олон жил төрд ажилласан хүний хувьд төрийн ажил бол тухайн аймаг, сум орон нутгийн төрийн албан хаагчийн сэтгэл, сахилга хариуцлагаас шууд хамаарна гэж үздэг. Тиймээс миний, ажилдаа ороод гаргасан хамгийн анхны захирамж бол үүнтэй холбоотой захирамж байгаа. Бид цаашид төрийн ажлыг сайжруулахын тулд сум, багийн Засаг дарга, түүний албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.

Учир нь манай ихэнх албан хаагчид төрийн ажилд хөнгөн хуумгай, төрийн албаны шаардлагаас хол хөндий явж ирсэн нь өнгөрсөн жил оны эцсийн ажил дүгнэхэд харагдсан. Эндээс төрийн бодлого, үйлчилгээ иргэндээ хүрч чадахгүй байгаагийн тод жишээ харагдаж байгаа юм. Төрийн ажлыг урсгалаараа хийгээд, цалин аваад явж болдог гэсэн ахархан бодол зарим хүмүүсийн тархинд суучихсан байна. Энэ бол бидний хамгийн том аюул. Хүн бүр ажлаа хийж байж цалингаа авна гэдэг зарчмыг л баримтлах хэрэгтэй. Бие биедээ шаардлага тавьж чаддаггүй, өндөр албан тушаалтан нь мэргэжилтэндээ үг хэлж чаддаггүй ийм л байдал хавтгайрсан байна. Би энэ үгээр нутаг орныхныгоо муулах гэсэнгүй. Бодит байдал энэ. Үүнтэй тэмцэх л ёстой. Тийм ч учраас би хурал зөвлөгөөн дээр болон томилолтоор ажиллахдаа энэ зүйлийг байнга ярьдаг. Цаашдаа ч хэлэх болно. Энэ жилээс бид гэрээ хэлцэл, бичиг цаасны боловсруулалтад маш их анхаарч байна. Төрийн албан хаагчидтай хийх гэрээг сайжруулах, ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэх, байгууллагын дотоод програмыг нэвтрүүлэх зэрэг дорвитой ажлуудыг хийх болно. Ингэж байж сая иргэдийн жинхэнэ хүсэн хүлээж буй төрийн үйлчилгээг үзүүлж чадна шүү дээ.

-Цаашид аймаг, орон нутагт тулгамдаж буй хүндрэл юу байна?

-ХАА-н чиглэлээр хэд хэдэн асуудал байна. Бэлчээрийн асуудал аймгийн хэмжээнд хүнд байгаа. Тиймээс цаашид бэлчээрийн менежментийг нэмэгдүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар холбогдох яамтай хамтарсан, нэгдсэн бодлоготой байх шаардлагатай байгаа юм. Отрын бүс нутгийг сэргээж, дахин тогтоох хэрэгтэй. Отрын бүс нутагт гадны малчид ирж нутагласан, өнгөрсөн онуудад хадлан ихээр гарсантай холбоотойгоор аймгийн хувьд отрын бүс нутаггүй болсон гэхэд хилсдэхгүй. Мөн мал өсөж байгаа энэ цаг үед худаг усны асуудал хүнд байна. Жилдээ улсын төсвөөр хэдэн худаг гаргадаг ч энэ байдал сүүлийн хоёр жил хийгдээгүй. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс гар худаг гаргах ажлыг дэмжиж, малчдаа урамшуулах тогтолцоонд шилжсэн. Үүний үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Цаашид үүнийгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараагийн асуудал бол дээр хэлсэн төрийн албан хаагчдын ур чадвар, хариуцлагын асуудал байгаа юм. Бид үүнийг засаж залруулж, албан хаагч бүр ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үр дүнтэй ажиллавал хүн  хэцүү гээд байгаа бүх асуудал аяндаа шийдэгдэж, түүнийхээ хэрээр бид үр дүнд хүрч, аймаг орон нутгаа хөгжүүлж чадна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа?

 

 

 

 

 

Холбоотой мэдээ