Зеленский Германы Канцлерын дэмжлэгийг авна гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-18 12:19:24

БЕРЛИН. /TASS/. Украины эрх баригчид Олон улсын валютын сан /ОУВС/, Европын Холбоо /ЕХ/ болон НАТО-тай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа бөгөөд бүтцийн шинэчлэл хийхэд Өрнөдийн орнуудын дэмжлэгийг авна гэж найдаж байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.  


“Одоо бидний хамгийн чухал зорилго бол ОУВС, ЕХ болон НАТО-тай сайн харилцаагаа өргөжүүлэх явдал юм. Бидний эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд нь төрт улсыг бэхжүүлэх, валютыг либералчлах, өмч хувьчлах, газрын шинэчлэл хийх, татварын удирдлагыг сайжруулах, компаниудад учирч буй захиргааны дарамтыг багасгах, мөн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг юм” гэж тэрбээр “Bild” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


В.Зеленский Германы Канцлер Ангела Меркелийг асар их туршлагатай “хүчирхэг эмэгтэй” гэж нэрлээд түүний дэмжлэгийг авна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Украинчууд өмнө нь тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад Ангела Меркель дэлхийн нөлөө бүхий хүн гэдэг утгаараа тусална гэдэгт итгэж байна” гэж тэрбээр хэлжээ. Үүний сацуу тэрбээр “Умардын урсгал-2” төсөл нь Украин болон Европын эрчим хүчний аюулгүй байдалд хор хохирол учруулж байгаа учир уг төслийг аюул занал гэж харж байгаа гэдгийг сануулав.


В.Зеленский мөн Украин НАТО-тай илүү нягт хамтран ажиллах бодлого баримталсан хэвээр гэдгийг дахин цохон тэмдэглэсэн байна. “Эхний алхмын хувиар би Украины Зэвсэгт хүчинд болон аюулгүй байдлын салбарт НАТО-гийн стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Украин улс хэдийнэ НАТО-гийн найдвартай түнш болсон бөгөөд хэтдээ бид эвслийн найдвартай гишүүн болж чадна” гэж тэрбээр хэлжээ.


В.Зеленский Украины Ерөнхийлөгчийн хувиар мягмар гарагт Берлинд анх удаа айлчилж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер болон Канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийхээс гадна, Германы бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзана.


Холбоотой мэдээ