“Монгол мөрөөдөл” санхүүгийн эрх чөлөөнд тулгуурлах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-31 13:17:36

Ерөнхий сайдын ивээл дор 7 дахь жилдээ зохион байгуулж буй Монголын эдийн засгийн чуулганы “Монгол мөрөөдөл” салбар хуралдаан өчигдөр болов. Энэхүү хуралдаан нь залуусыг мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах, улс төрийн оролцоог дээшлүүлж, тэдний мөрөөдөлтэй уялдсан аливаа асуудлуудыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох зорилготой юм.

Манлайлагч залуусын оролцож буй энэхүү салбар хуралдааны илтгэлүүдийн гол санааг товчлон хүргэж байна. АНУ-д санхүүгийн эрх чөлөөнд тулгуурласан “Америк мөрөөдөл” гэж бий. Монгол мөрөөдөл ч мөн санхүүгийн эрх чөлөөнд тулгуурлах ёстой хэмээн “Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ. Мөн тэрбээр “Монгол мөрөөдөл” гэж чухам юуг хэлж байгаа талаар оролцогчдоос асуув.

Түүний асуултад Сант сургуулийн захирал З.Энхмөнх, “Монгол залуус боловсролтой, мэдлэг чадвартай, аливаа зүйлсийг эв нэгдлээр хийж чаддаг байх нь “Монгол мөрөөдөл” юм хэмээн хариуллаа.

Харин “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин, “Монгол мөрөөдөл”-ийг хоёр өнцгөөс харж байна. Залуусаас хүслийг нь асуухад “Байртай, унаатай болмоор байна” гэж хариулдаг. Тиймээс нэг нь санхүүгийн эрх чөлөө юм. Нөгөө талаас ирээдүй хойч үеэ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах юм хэмээлээ.

Мөн ХСҮТ-ын Бөөр, нойр булчирхайн мэс заслын их эмч Г.Үнэнбат, “Монгол мөрөөдөл” хувь хүний гэхээс илүү улс орны, нийгмийн, багийн зэрэг нийтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх хэрэгтэй” гэлээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ