“Note 10”-ыг наймдугаар сард танилцуулж магадгүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-06-19 15:30:57

ВАШИНГТОН. /CNET/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Note” цувралын ээлжит шинэ загвараа АНУ-ын Нью-Йорк муж улсын Бруклин хотын “Barclays” төвд ирэх наймдугаар сарын 7-нд олон нийтэд танилцуулна гэж уг төлөвлөгөөний ойрын эх сурвалжууд мэдээлжээ.


Дээр дурдсан хугацаа болоход хоёрхон сар үлдсэн хэдий ч “Samsung”-ийн удирдагууд төлөвлөгөөгөө өөрчлөхийг үгүйсгэхгүй юм. Энэ талаар “Samsung” компаниас лавлахад хариулт өгөөгүй байна. “Samsung” өнгөрсөн онд “Note 9” ухаалаг гар утсаа дээрхтэй ижил арга хэмжээний үеэр танилцуулсан юм.


“Galaxy Note” ухаалаг гар утаснууд “Galaxy S”-ийн загварууд шиг сайн худалдаалагддаггүй хэдий ч том дэлгэцтэй ухаалаг гар утас сонирхогчдын таашаалд ихээхэн нийцдэг байна. 2011 онд олон нийтэд танилцуулсан “Note 1” гар утас 5.3 инчийн дэлгэцтэй байсан бол хамгийн сүүлийн загвар болох “Note 9” 6.4 инчийн дэлгэцтэй байжээ. 


Шинэ загварын гар утаснуудын үнэ ихээхэн нэмэгдэж байгаа хэдий ч үзүүлэлтийн хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгаатай холбоотойгоор хэрэглэгчид өөрсдийн гар утсыг урт хугацаагаар хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Үүний улмаас дэлхийн гар утас үйлдвэрлэгч томоохон компаниудын ухаалаг гар утасны борлуулалт суларч байна.


Харин “5G” сүлжээ дэмждэг хийгээд эвхэгддэг гар утаснууд уналтад орсон ухаалаг гар утасны зах зээлийг сэргээх төлөвтэй байна. “Samsung”, “Huawei” компани эвхэгддэг гар утаснуудаа олон нийтэд танилцуулсан боловч худалдаанд хараахан гаргаагүй байгаа юм. 

Холбоотой мэдээ