Зөвшөөрөлгүй гаргасан худгуудыг лацдав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-20 15:04:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Отрын бүс нутгийг чөлөөлөх ажлын хэсэг, Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран хориотой бүс нутагт зөвшөөрөлгүй гаргасан гүн өрөмдлөгийн худгуудыг лацдав.

Хориотой бус нутаг буюу Сүхбаатар аймгийн отрын бүс нутагт гаргасан гүн өрөмдлөгийн зургаан худгийг лацдаж хаасан юм.

Отрын бүс нутгийг чөлөөлөх ажлын хүрээнд худаг ус лацдаж хаах ажил хэд хэдэн удаа хийж байгаа. Гэвч малчид өөрсдөө дур мэдэн лацыг эвдэж онгойлгон үргэлжлүүлэн ашигласан тохиолдол гарсан учир ажлын хэсэг дахин гарч ажиллан, худгуудыг гагнан, лацдаж байна.

Уг нь улсын байцаагчийн лацыг нээх эрх ямар ч хүнд байхгүй. Гэтэл зарим эрх мэдэлтгүүд дур мэдэн ийм үйлдэл гаргасан учир зөрчлийн хуулиар хариуцлага тооцож, торгуул ноогдуулна. Уг ажлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Ер нь гаднаас ирж нутаглаж байгаа хүмүүсийн хувьд дандаа томчууд, баячуудын малчид байгаа. Тэд тухайн аймаг, сум орон нутгийн шаардлагыг хүлээж авдаггүй. Энгийн жишээ гэхэд худгийг нь лацдаад, хэд хоногийн дараа ирэхэд босс нээ гэсэн гээд л сууж байх жишээтэй. Тэгэхээр ганц худаг лацдах бус эдгээр малчдыг албан шахалтаар нүүлгэх, нутаг чөлөөлүүлэх ажлыг хийхгүй бол бидний хэд хэдэн удаа тойрч явсан ажлын үр дүн гарахгүй байна. Нөгөө талаар зуны халуунд хүн малыг уух усгүй болголоо гэх эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч бид одоо л зориглож хөдлөхгүй бол отрын бүс нутаг үнэхээр устаж үгүй боллоо. Олон мянган малын хөлд талхлагдаж дууслаа. Хэдэн жил талхлагдсан бэлчээрийг одоо амрааж, сэргээх цаг нь болсон. Үгүй бол дахин хэзээ ч сэргэхгүй байх эрсдэлтэй гэж Сүхбаатар сумын ЗДТГ-ын Байгаль орчны улсын байцаагч С.Ганбулган ярилаа. 

Холбоотой мэдээ